Инал Тасоев: Ойрын үед “саваагүй” байсны улмаас эхэндээ сандарсан
ОХУ-ын жүдочид 2025 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны нэрийн дор, төрийн далбаа болон төрийн дуулалгүйгээр оролцсон ч түүхэн амжилт гаргалаа. Тэд нийт гурван алт, хоёр хүрэл медаль хүртэж, дэлхийн дэвжээн дээр өндөр үр дүн үзүүлсэн юм.
ОХУ-ын медальтнууд:
- Алт:
- Тимур Арбузов – 81 кг
- Матвей Каниковский – 100 кг
- Инал Тасоев – +100 кг
- Хүрэл:
- Аюб Блиев – 60 кг
- Арман Адамян – 100 кг
Тэмцээний сүүлийн өдөр +100 кг-ын жинд ялалт байгуулсан Инал Тасоев өмнөх дэлхийн аваргын алтаа бататгаж, хоёр дахь түрүүгээ авлаа. Тэрээр финалд Гүржийн жүдоч Гурам Тушишвилиг ялсан бөгөөд барилдааны дараа сэтгэгдлээ илэн далангүй хуваалцжээ.
“Намайг ойрд ‘саваагүй’ болохоор эхэндээ сандарлаа. Ямар үнэлгээ алдчихав гэж түгшлээ. Харин дараа нь анхаарлаа төвлөрүүлж, сандарч мэгдэлгүйгээр өөрийнхөөрөө барилдлаа. Гурам болон түүний дасгалжуулагчийг би их хүндэлдэг. Яс махны тасархай гэдэг шиг нэг л спортоор насаараа хамт хичээллэж яваа хүмүүс шүү дээ, бид” хэмээн Тасоев онцолсон юм.
Тэрээр энэхүү медалийг өөрийн амьдралын хамгийн үнэ цэнтэй шагнал гэж нэрлэн дараах байдлаар талархал илэрхийлжээ:
“Энэ медаль бөхийн замнал дахь хамгийн үнэ цэнтэй шагнал маань болохоор ээждээ зориулъя. Намайг өдий зэрэгтэй хүн болгосон хүн шүү дээ. Миний хувьд миний ээж энэ дэлхийн хамгийн шилдэг ээж. Мөн дасгалжуулагч Ирбек Айларов, Михаил Рахлин нар байгаагүй бол ийм амжилтад хүрэхгүй тул талархлаа илэрхийлмээр байна. Миний төлөө хийсэн бүхнийг санаж, үнэлж яваа гэдэгт минь итгээрэй.”
Инал Тасоев ийнхүү дэлхийн аваргын хоёр дахь алтан медалиа хүртэж, хүнд жингийн ангилалд өөрийн байр суурийг бататгалаа.