Даваа, 6 сар 30, 2025
HomeЭдийн засагОюу толгой: Орлого түүхэн дээд түвшинд хүрсэн ч Монголын ашиг хязгаарлагдмал хэвээр...

Оюу толгой: Орлого түүхэн дээд түвшинд хүрсэн ч Монголын ашиг хязгаарлагдмал хэвээр байна

Монгол Улсын 2025 оны төсвийн хоёр дахь тодотголыг УИХ хэлэлцэх гэж байна. 126 гишүүнтэй парламент ажлаа эхлүүлээд жил ч болоогүй байхад дөрөв дэх төсвөө хэлэлцэх нь эдийн засгийн төлөвлөлт, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна. Төсөв жил бүр тодотголд орж буй нь уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн эмзэг байдлыг илэрхийлж буй хэрэг юм.

Уул уурхайн гол экспортын бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ болон Хятадын зах зээл дэх савлагаа нь улсын төсөвт шууд нөлөөлж буй тул ирээдүйн төсвийн таамаглал илүү бодит, нарийн үндэслэлтэй байх шаардлагатай гэж үзэж байна.

Оюу толгой: Орлого нэмэгдсэн ч, ашгийн урсгал Монголд ирэхгүй байна

Оюу толгойн төсөл 2025 оны эцсээр ойролцоогоор 4.2 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх жилээс хоёр дахин их үзүүлэлт юм. Гэвч энэхүү мөнгөн урсгал Монголд бүрэн хэмжээгээр орж ирэхгүй байгаа талаар анхааруулж байна. Орлогын ихэнх хэсэг нь төслийн гадаад зардал, зээлийн төлбөрийг нөхөхөд зарцуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсад шууд орж ирж буй ашиг хязгаарлагдмал хэвээр байна.

Тодруулбал, Оюу толгойн дараагийн таван жилд 1.5–1.7 тэрбум ам.долларын хэмжээний мөнгөний урсгалыг Монгол Улсад оруулах боломжтой гэж үзэж байгаа ч үлдсэн дүн нь зардал хаах хэлбэрээр гадагш чиглэнэ.

20 мянган ажилтны ажлын байр эрсдэлд оров

Оюу толгойн бүтээн байгуулалтын үндсэн ажлууд дуусгавар болж буйтай холбогдуулан гэрээт болон туслан гүйцэтгэгч 20,000 орчим ажилтан ойрын хугацаанд ажилгүй болох эрсдэл үүсээд байна. Түүнчлэн төрийн албанд 14 мянган орон тоо хасагдаж болзошгүй талаар мэдээлэл гарсан бөгөөд эдгээр хөдөлмөр эрхлэгчдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Иймд хүний нөөцийн бодлогыг Засгийн газрын төвшинд стратегийн хүрээнд тодорхойлох, шилжилт зохицуулалтыг урьдчилан тооцоолсон байх нь зайлшгүй чухал асуудал болоод байна.

Дубайн гэрээний зардал хэтэрч, Монгол хохирсоор байна

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтээр байгуулсан Дубайн гэрээний дагуу төслийн өртөг анхны тооцооллоос 1.9 тэрбум ам.доллараар хэтэрч, 30 сараар хойшлогдсон талаар Ройтерс агентлаг мэдээлсэн. Энэ асуудлаар АНУ-ын хөрөнгө оруулагчид шүүхэд хандсаны дүнд Рио Тинто 138 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна.

Гэтэл Монгол Улс Оюу толгойн төслийн 34 хувийг эзэмшиж буй ч ямар ч нөхөн олговор авч чадаагүй. Бүтээн байгуулалт хойшилж, өртөг нэмэгдсэн ч энэ эрсдлийн үнийг Монгол Улс өөрөө төлсөөр байгаа нь шүүмжлэл дагуулж байна.

Яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд:

  1. “Онтро” төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ шинэчлэх
    Стратегийн ордууд дээр Монголын эзэмшил, амнат, татварын орчныг тодорхой болгох ёстой.
  2. Татварын асуудлыг арбитраар шийдэх
    2024 оны есдүгээр сард Лондоны арбитрын шүүх дээр дахин хэлэлцэх татварын маргаанд Монгол Улс идэвхтэй оролцох ёстой.
  3. Монголын хохирлыг нөхөн төлүүлэх механизмыг бүрдүүлэх
    Гадаадын хөрөнгө оруулагчид шүүхээр нөхөн төлбөр авч байхад Монгол Улс зардлыг дааж байгаа нь шударга бус байдалтай холбоотой.
  4. Хүү өндөртэй зээлийн нөхцөлд дахин хэлэлцээр хийх
    Оюу толгойн төсөл дээр нийт 20 тэрбум ам.долларын зээл хуримтлагдсан бөгөөд энэ зээлд 11.1 хувийн хүү төлж байгаа. Үүнийг 2025 оны 12-р сар дуусахаас өмнө дахин хэлэлцэх эрхтэй бөгөөд үүнийг хэрэгжүүлэх ёстой. Хүүгийн нөхцөл багасч чадвал Монгол Улс ноогдол ашгаа 2030 оноос өмнө авах боломжтой болно.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Ийм их орлого олж байж Монголд бага ашигтай байна гэдэг шударга бус л санагдаж байна даа

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд