Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Шинэ Хархорум” төсөл идэвхтэй хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд 1580 га талбайд нэг сая мод тарих зорилт тавигдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 530 мянга 840 мод тарьжээ.
Мөн төслийн хүрээнд:
- 15,597 суулгац ургуулсан
- 55.7 км урт хамгаалалтын хашаа барьсан
- 50 худаг гаргасан
- 10 тоннын багтаамжтай усны савуудыг суурилуулсан байна
Эдгээр ажлыг уул уурхайн компаниуд санхүүжүүлэн гүйцэтгэж байгаа юм.
1500 гаруй хүн оролцсон
Төслийн мод тарих ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Өвөрхангай аймгийн ЗДТГ, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, орон нутгийн иргэдээс бүрдсэн 1500 гаруй хүн оролцжээ.
Цаашдын зорилтууд
“Шинэ Хархорум”-ын хүрээнд зөвхөн мод тарих бус, ногоон байгууламж бүхий парк байгуулах, 180 автомашины зогсоол барих, Хэлтгий Цагаан нуурыг сэргээх, археологийн дурсгалт газруудыг хамгаалах, Орхоны голын эхийг нөхөн сэргээх зэрэг томоохон ажлууд төлөвлөгдсөн байна.