АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) хөгжлийн лиг болох “NBA G League”-ийн “Osceola Magic” баг 2026–2027 оны улирлын нээлтийн тоглолтод оролцох албан ёсны 13 тамирчны нэрсийг зарлалаа. Тус бүрэлдэхүүнд Монголын шилдэг сагсан бөмбөгчин Шаравжамцын Энхийн-Од багтаж, 55 дугаартай хамгаалагчаар бүртгэгдсэн байна. Багийн албан мэдээлэлд түүнийг Өмнөд Каролинагийн их сургуулиас ирсэн шинэ тоглогч (рооки) хэмээн онцолжээ.
Бүрэлдэхүүний өрсөлдөөн ба NBA-ийн туршлагатай тоглогчид
“Osceola Magic” багийн нээлтийн ростерт NBA-ийн түвшинд тоглож байсан туршлагатай JD Davison, Malaki Branham, Ricky Council зэрэг чадварлаг тамирчид нэрлэгдсэн байна. Түүнчлэн үндсэн баг болох “Орландо Мэйжик”-тэй хоёр талт гэрээ байгуулсан Alex Morales, Colin Castleton, Izaiyah Nelson нар бүрэлдэхүүнд багтсан нь багийн дотоод өрсөлдөөн өндөр түвшинд өрнөхийг харуулж байна.

Шинэ улирлын нээлтийн тоглолт арваннэгдүгээр сарын 8-нд болно
Тус баг шинэ улирлын эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 8-ны ням гарагт Флорида мужийн Киссимми хот дахь “Silver Spurs Arena” ордондоо хийхээр төлөвлөжээ. Тэд талбайдаа “Oklahoma City Blue” багийг хүлээн авах бөгөөд тоглолт орон нутгийн цагаар 15:00 цагт эхлэх юм. Нээлтийн тоглолтын тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамааран 23.05 ам.доллараас 185 ам.долларын хооронд худалдаалагдаж байна.
“Osceola Magic” нь NBA-ийн “Orlando Magic” багийн албан ёсны харьяа хөгжлийн баг бөгөөд өмнө нь 2021 онд NBA G League-ийн аваргын цомыг хүртэж, 2025 онд лигийн финалд шалгарч байсан түүхтэй юм.

Монгол тамирчин дэлхийн сагсан бөмбөгийн ноён оргил болох NBA-ийн босгонд тулж, хөгжлийн лигийн шилдэг багийн албан ёсны бүрэлдэхүүнд бичигдсэн нь Монголын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байна. Туршлагатай, хүчирхэг тоглогчидтой нэгэн бүрэлдэхүүнд багтсан Ш.Энхийн-Одын хувьд нээлтийн тоглолтоос эхлэн талбайд өөрийн ур чадварыг батлан харуулж, цаашлаад NBA-ийн үндсэн лиг рүү дуудагдах замаа засах хариуцлагатай бөгөөд чухал сорилт эхэлж байна.
