Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг дахь “Машийн ам” гэх газраас сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр эрлийн ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлага, мэргэжлийн анги, ар гэрийнхэн болон нутгийн иргэдээс бүрдсэн 100 гаруй хүн оролцож байгаа аж.
Мөн эрэлч нохой, нисэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон, туулах чадвар сайтай автомашин болон бусад техник хэрэгслийг дайчилжээ.
Хоёр бүлэгт хуваагдан өргөн хүрээнд самналт хийжээ
Аравдугаар сарын 25-ны өглөөний 08:00 цагт эрлийн багийг хоёр бүлэг болгон хувааж, өөр өөр чиглэлд эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна.
Нэгдүгээр бүлэг сураггүй болсон иргэний гэрээс баруун болон баруун урд чиглэлд хөдөлж, эрлийн багийн гишүүд хоорондоо 15 метрийн зайтай нэг эгнээнд жагсан самналт хийжээ.
Тэд 2 км өргөн зурвасаар нийт 12 км замыг шалгаж, “Шилийн хар толгой”, “Суурин буйр” гэх газрууд хүртэл явсан байна.
Замд тааралдсан өвөлжөө, хаваржаануудыг ч нэг бүрчлэн шалгасан боловч тухайн иргэний талаар ямар нэгэн мэдээлэл олдоогүй байна.
Харин хоёрдугаар бүлэг гэрийн зүүн урд талаас баруун урд чиглэлийн бүс нутаг, гуу жалга, уулын хавцлуудыг дрон ашиглан агаараас тандаж, шалгажээ.
Гэсэн ч эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй бөгөөд оройн цагаар үзэгдэх орчин муудсан тул 19:48 цагт түр зогсоосон байна.
Өнөө өглөөнөөс эрлийг дахин эхлүүлжээ
Эрлийн баг аравдугаар сарын 26-ны өглөөний 08:00 цагаас ажиллагаагаа дахин үргэлжлүүлсэн байна.
Одоогоор эрлийн хүрээг тэлж, өмнө нь шалгасан болон боломжит шинэ чиглэлүүдийг дахин нягталж байгаа аж.
Онцгой байдлын байгууллагаас эрлийн ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийг үргэлжлүүлэн дайчилж, сураггүй болсон 26 настай эмэгтэйг олохын тулд өргөн хүрээтэй хайгуул хийж байна.
