БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж болох ч үүний тулд нэлээд хатуу шаардлага, нөхцөлүүд тавихаар байгааг “Reuters” агентлаг мэдээллээ.
Нөхцөл байдлыг сайн мэдэх эх сурвалжуудын хэлснээр, АНУ болон БНСУ-ын албаны төлөөлөгчид энэ онд багтан Трамп, Ким Жон Ун нарын уулзалт болох магадлал багасч байна гэж үзэж байгаа аж.
Трамп бол хоёр улсын дипломат харилцааг сайжруулах зорилгоор 2018 болон 2019 онд Хойд Солонгосын удирдагчтай уулзсан АНУ-ын цорын ганц ерөнхийлөгч билээ. Гэвч Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд болсон энэхүү хоёр уулзалт дорвитой үр дүнд хүрээгүй юм. Пхеньян өөрийн цөмийн хөтөлбөрийг хязгаарлахад чиглэсэн дипломат үйл явцад төдийлөн ач холбогдол өгөхгүй байсаар ирсэн.
Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр, Ким Жон Ун Трамптай уулзахын тулд хэд хэдэн хатуу шалгуур тавьж буйн гол нь Өрнөдийн зүгээс тавьсан хориг арга хэмжээг сулруулах асуудал ажээ. Түүнчлэн тэрээр Америкийн ерөнхийлөгчийг БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах талаар ярилцахыг эрмэлзэнэ гэдгийг мэдэж байгаа тул хоёр талын дээд хэмжээний уулзалтад төдийлөн идэвх сонирхол илэрхийлэхгүй байгаа юм.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, Трамп тус уулзалтыг товлохын тулд Хойд Солонгосын удирдагчтай нягт холбоотой байдаг БНХАУ-д хүртэл хандсан байна. Гэвч зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Ши Жиньпин ч Ким Жон Уныг энэ оны 11 дүгээр сард Трамптай уулзана гэсэн баталгааг өгч чадаагүй аж.
Сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээг сэргээхийн тулд энэ оны 11 дүгээр сард Хятадад болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байсан билээ.
Гэвч Хойд Солонгос оны эцсээс өмнө уулзах Трампын санаачилгад төдийлөн таатай хандахгүй байна. Түүнчлэн саяхан Ким Жон Ун Трамптай хийх боломжит уулзалтын өмнөхөн АНУ-ын эх газарт хүрэх чадалтай алсын тусгалт пуужингаа дэлгэн үзүүлж, сүр хүчээ гайхуулсан юм.
