Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдтэй уулзаж, нийслэлд дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийг нэмэгдүүлэх, иргэдийн идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих асуудлаар санал солилцжээ.
Хотын захирагчийн мэдээлснээр, энэ онд 76 км дугуйн зам шинээр барьсан бөгөөд ирэх онд дахин 115 км зам нэмж байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Улаанбаатар хотын дугуйн замын нийт сүлжээг 450 км-т хүргэх зорилт тавьжээ.
Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих боломж бүрдүүлнэ
Шинээр төлөвлөж буй сүлжээгээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Мөн Туул гол дагуу экосистемийн цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний болон гүйлтийн зам бүхий орчин байгуулахаар төлөвлөжээ.
Зайсангаас төв талбай хүртэл гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн талаар Б.Пүрэвдагва мэдээлсэн байна.
Олон улсын дугуйн тэмцээнийг дахин зохион байгуулна
Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон нийслэл дугуйн замын сүлжээг бодлогоор нэмэгдүүлж байгааг сайшааж, холбооны зүгээс нийтийн биеийн тамир, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих чиглэлээр ажиллаж байгаагаа онцолжээ.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 2027 оны наймдугаар сард дахин хийхээр төлөвлөж байгааг хэлсэн байна.
Одоогоор ирэх жилийн тэмцээнд оролцох хүсэлтээ 20 орчим гадаадын тамирчин илэрхийлжээ.
