Бразилын Гояниа хотод 51 настай Андреа Виейра Гаспар хэмээх эмэгтэй нэг дор зургаан төрлийн гоо сайхны мэс засал хийлгэсний дараа нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тэрээр Испаниас эх орондоо тусгайлан ирж, олон жил мөрөөдсөн гадаад төрхөө шинэчлэх хагалгаанд орсон тухай “Bored Panda” хэвлэл мэдээллээ.
Мэс заслын бэлтгэл ба хагалгааны өрнөл
Андреа уг хагалгааг хийлгэхийн тулд хоёр жилийн турш 118 мянган бразил реал (ойролцоогоор 23 мянган ам.доллар) цуглуулсан байна. Тэрээр пластик мэс засалчтай нэг удаагийн оролтоор нүүр татах, зовхины мэс засал, өөх соруулах болон нүүрэнд өөх шилжүүлэн суулгах зэрэг нийт зургаан төрлийн ажилбарыг зэрэг хийлгэхээр тохиролцжээ.
Хагалгаа найм гаруй цаг үргэлжилсэн бөгөөд талийгаачийн эгчийн ярьснаар эмэгтэй хагалгааны өмнө эмчтэйгээ биечлэн уулзаагүй, шинжилгээнүүдээ Испанид өгч бразил эмч нарын баг руу цахимаар илгээсэн байжээ. Түүнчлэн ар гэрээс нь мэдээлснээр хагалгааны өмнөх шинжилгээний бичигт бактерийн халдвартай байсан нь тэмдэглэгдсэн байсан хэдий ч энэ нь хагалгааг цуцлах үндэслэл эсвэл үхлийн шууд шалтгаан болсон эсэхийг одоогоор тогтоогоогүй байна.

Биеийн байдал муудсан ба эмнэлгийн тайлбар
Хагалгааны дараа тун удалгүй өвчтөний биеийн байдал эрс муудаж, хэл нь маш ихээр хавдаж, амьсгалахад хүндрэлтэй болсон байна. Талийгаачийн эгч эмнэлгийн ажилтнуудаас тусламж хүсэж, удаа дараа залгасан боловч тус эмнэлэгт эрчимт эмчилгээний болон яаралтай тусламжийн тасаг байгаагүй гэж мэдэгджээ. Эмэгтэйг хэд хэдэн удаа амилуулах (CPR) арга хэмжээ авсан ч тэрээр эгчийнхээ гар дээр нас барсан байна.
Харин эмнэлгийн зүгээс хариуцлага алдсан гэх буруутгалыг эрс няцааж байна. Эмнэлгийн хуульч Кристиэне Перейра Коуту өвчтөний бие муудамэгц шаардлагатай яаралтай тусламжийг цаг тухайд нь үзүүлсэн хэмээн мэдэгдсэн бөгөөд шалгалтын байгууллагад бүх баримтыг гаргаж өгөхөд бэлэн гэжээ. Мөн мэс засалч Лессандро Мартинс ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, эмчийн нууцын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ч хууль хяналтын байгууллагад бүх тайлбарыг гаргаж өгнө гэв.
