НүүрУлс төрАТГ Л.Хосбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр...

АТГ Л.Хосбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярыг Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд энэ сарын 9-нд түүний гэр болон ажлын байранд АТГ-аас шалгалт явуулжээ.

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг шалгаж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах, баримт бичиг гаргуулах ажиллагаа үргэлжилж байна.

Шалгалтын явцад “Туулын хурдны зам” төслийн тендерийн сонгон шалгаруулалт хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл илэрсэн тул нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа аж.

Мөн “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-ний сонгон шалгаруулалтад хууль зөрчсөн байж болзошгүй асуудлыг шалгаж байна.

Уг тендерт шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Л.Хосбаяр нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байжээ. Түүнчлэн “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан байна.

Тус компани нь нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, сангуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр ажилладаг аж.

Эрүүгийн хуулийн 22.1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд