НүүрОлон улсын мэдээЯпоны Нагоя хотод рекорд аадар орсны улмаас 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж...

Японы Нагоя хотод рекорд аадар орсны улмаас 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Японы Айти мужид хоёр дахь өдрөө дараалан аадар бороо үргэлжлэн орж байна. Нагоя хотод цагт 104.5 мм аадар орсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болон тэмдэглэгдлээ. Үүний улмаас хотын эрх баригчид 2 сая орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлээд байгаа талаар “Ёмиури” сонин мэдээллээ.

Хотын төв хэсэг болох Сакаэ дүүргийн авто замууд усанд автаж, усны түвшин өвдөг хүрсэн байна. Мөн ажил тарах болон эхлэх ачааллын үеэр галт тэрэг, автобус болон нийтийн тээврийн бусад хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ. Тухайлбал, “JR”, “Meitetsu” болон Нагоя хотын метроны үйл ажиллагаа саатсан байна. Нагоя вокзалын ойролцоо болон бусад газруудад гэртээ харьж чадахгүй байгаа иргэдэд зориулан түр байрлах цэгүүдийг байгуулжээ.

Онцгой аюулын сонордуулга ба аадар борооны аюул

Японы цаг уурын албанаас Сёнай голын дагуух бүс нутагт “Үерийн аюулын V түвшний онцгой сонордуулга” гаргасан байна. Тюбу бүсийн хөгжлийн товчооны мэдээлснээр мужийн захиргааны харьяа 15 явган хүний подвал ба туннелийн 2 нь усанд автжээ. Одоогоор осол эндэгдлийн талаарх мэдээлэл ирээгүй байна.

Нагоягийн цаг уурын ажиглалтын төвөөс мэдээлснээр орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 8-ны 15:53-аас 16:53 цагийн хооронд тунадасны дээд хэмжээ тэмдэглэгджээ. Өмнөх дээд амжилт нь 2000 оны 9 дүгээр сарын 11-нд Токай бүсэд (97 мм) бүртгэгдэж байв.

Орон нутгийн цаг уурын төвөөс мэдээлснээр 9 дүгээр сарын 9-ний 18:00 цаг хүртэл зарим бүс нутгаар 24 цагийн дотор дахин 200 мм хүртэл, харин 9 дүгээр сарын 10-ны 18:00 цаг гэхэд нэмж 80 мм тунадас орох төлөвтэй байна. Хэрэв шугаман хэлбэрийн аадар борооны зурвас бүрэлдвэл зарим нутгаар тунадасны хэмжээ улам нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд