Ардчилсан нам 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийнхээ бүртгэлийг нээлттэй, шударга тогтолцоогоор авна хэмээн цахимаар эхлүүлсэн ч бодит байдал дээр мөнгөний шалгуур тавьж эхэлсэн гэх мэдээлэл гарлаа. Нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн зарим иргэд рүү дүүргийн намын хорооноос холбогдож, мөнгө өгсний дараа онооны системд оруулна гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Тус нам анх нэр дэвшигчдийг бодлого, мэдлэг, олон нийтийн дэмжлэгт үндэслэн нээлттэй онооны системээр шалгаруулна гэж мэдэгдэж байв. Гэвч уг шалгаруулалтад хамрагдахын тулд мөнгө төлөх шаардлага тулгарч байгаа нь иргэдийн сонгох, сонгогдох эрх болон ардчиллын суурь зарчим болох тэгш боломжийг хязгаарлаж байна гэх шүүмжлэлийг дагуулж байна. Энэ нь улс төрийн өрсөлдөөнд мэдлэг, чадвар бус санхүүгийн боломж шийдвэрлэх хүчин зүйл болох эрсдэлийг үүсгээд байгаа юм.
Намын сонгуульт албан тушаалуудын дэнчингийн мэдээлэл
Ардчилсан намын дотоод сонгууль болон удирдах албан тушаалд өрсөлдөгчдөөс авдаг дэнчин, төлбөрийн хэмжээ дараах байдалтай байгаа талаар мэдээлэл байна:
- Намын даргад нэр дэвшигч: 200 сая төгрөг
- Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигч: 80 сая төгрөг
- Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнд нэр дэвшигч: 50 сая төгрөг
- Дунд шатны намын байгууллагын даргад нэр дэвшигч: 30 сая төгрөг
- Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) гишүүнд өрсөлдөгч: 10 сая төгрөг
- Нийслэлийн намын хорооны гишүүн болох: 4 сая төгрөг
Намын албан ёсны үзэл баримтлалд хүний эрх, эрх чөлөө, иргэдийн оролцоо, ил тод байдлыг үнэт зүйлээ гэж тодорхойлдог ч эдгээр өндөр дэнчин, төлбөрүүд нь бодлогын өрсөлдөөнийг хааж, санхүүгийн боломжтой хэсэгт давуу тал олгож байж болзошгүйг гишүүд онцолж байна.
