2025 оны 4-р сарын 23-нд Хятадын Гүйжоу мужид эхэлсэн маунтинбайкийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг оролцож байна. Энэхүү уралдаан нь тивийн хэмжээнд хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд Монголын тамирчид зургаа дахь удаагаа оролцож буйгаар онцлогтой.
Энэ удаа насанд хүрэгчдийн ангилалд “Downhill Mongolia” клубийн тамирчид болох М.Баттуул, Э.Баярбат, Г.Тувшинбаатар нар оролцож байгаа бол, залуучуудын ангилалд Г.Энхболд эх орноо төлөөлөн уралдаж байна.
Багийн ахлагчаар Монголын дугуйн холбооны захирлуудын зөвлөлийн гишүүн, “Downhill Mongolia” клубийн тэргүүн Б.Отгондаваа ажиллаж байгаа бөгөөд түүний удирдлага дор тус клуб нь уулын дугуйн спортыг Монголд хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсээр иржээ. Тус клубийн тамирчид жил бүр Азийн аваргын тэмцээнд тогтмол оролцдог болсон байна.
Монголын тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 2022 онд Г.Чингуун Өмнөд Солонгосын тэмцээнд, 2023 онд Г.Тувшинбаатар Энэтхэгийн уралдаанд тус тус хүрэл медаль хүртсэн нь онцлох үйл явдал болсон. Тэдний дундаас Г.Чингууны медаль нь Монгол Улсын маунтинбайкийн түүхэнд анхны олон улсын медаль байв.
Монголд маунтинбайкийн улсын аварга анх 2018 онд зохион байгуулагдсан бол, олон улсын тавцанд манай тамирчид 2020 онд Тайланд улсад анх удаа оролцож эхэлсэн билээ.