Америкийн дуучин Лана Дель Рей нэг дор хоёр шинэ цомог гаргахаар бэлтгэж буйгаа зарлалаа. Түүний шинэ бүтээлүүд “Stove” болон “Spyda” нэртэй байх юм.
Дуучин энэ тухай Instagram-д нийтэлж, сүүлийн дөрвөн жилийнхээ талаар дүгнэсэн байна. Түүний хэлснээр, энэ хугацаа амар байгаагүй ч уран бүтээлийн хувьд чухал үе болжээ.
Эхэндээ Дель Рей “Stove” цомог дээр ажиллаж байсан бөгөөд зэрэгцэн шинэ санаа, дуунууд төрсөөр эцэст нь хоёр дахь бүрэн хэмжээний цомог бий болсон байна. Тэрээр “Stove”-ийг анх төлөвлөсөн хэлбэрээрээ үлдсэн, цогц бүтээл гэж тодорхойлжээ.
“Stove” бол яг байх ёстойгоороо үзэсгэлэнтэй, нэгэн цул бүтээл. Үүнийг сонгодог цомог гэж хэлж болно. Зарим дууг бид аялан тоглолтын үеэр аль хэдийн дуулсан, та нар сонссон, гэхдээ бүгдийг нь биш. Оролцсон хүн бүрт баярлалаа” гэж Дель Рей бичсэн байна.
Хоёр дахь цомог нь өнгөрсөн жилүүдийн тусгал болжээ
2023 онд “Did You Know That There’s a Tunnel Under Ocean Blvd” цомгоо гаргаснаас хойш Лана Дель Рей “Tough”, “Henry”, “Come On”, “Bluebird”, “White Feather Hawk Tail Deer Hunter” зэрэг хэд хэдэн шинэ дуу танилцуулсан. Мөн 2025 оны тоглолтууддаа “57.5”, “Quiet in the South”, “Stars Fell on Alabama” зэрэг албан ёсоор гараагүй дуунуудыг дуулж байв.
Дуучны хэлснээр, хоёр дахь шинэ цомог нь сүүлийн жилүүдэд туулсан бүхний нэг төрлийн дүгнэлт болжээ. Тэрээр энэ бүтээлээ тэвчээр, итгэл, мөн бүх зүйл бүтэлгүйтсэн нь өөрийнх нь буруу биш гэдгийг ойлгох үйл явцтай холбон тайлбарласан байна.
Дель Рей хоёр цомгийн ажил бараг дууссан гэж мэдэгджээ. Тэрээр бүх материалыг бүрэн цэгцлэхэд дахин нэг сар хэрэгтэй бөгөөд дараа нь хоёр цомгийг винил хэвлэлд үйлдвэрлүүлэхээр илгээнэ гэжээ.
“Хүлээсэн та бүхэнд баярлалаа” хэмээн дуучин фенүүддээ хандсан байна.
