Төрийн үйлчилгээг иргэдэд дижитал хэлбэрээр хүргэж байна
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны аравдугаар сард хэрэгжүүлж эхэлсэн “E-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем өнөөдрийн байдлаар 2 сая хэрэглэгчтэй болоод байна. Энэ нь насанд хүрсэн нийт иргэдийн 88 гаруй хувийг хамарч байгаа үзүүлэлт бөгөөд төрийн цахим үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, шуурхай байдлыг шинэ түвшинд хүргэж буй чухал алхам боллоо.
Одоогийн байдлаар 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг энэхүү платформоор дамжуулан авах боломжтой болсон. Үүний үр дүнд иргэд цаасаар материал бүрдүүлэх, олон газар очиж үйлчилгээ авах шаардлагагүй болж, цаг хугацаа болон зардлыг хэмнэх нөхцөл бүрджээ.
Монгол Улсын цахим засаглал олон улсын жишигт хүрч байна
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын цахим засаглалын индексээр дэлхийн 193 улсаас 46 дугаарт, Ази тивийн хэмжээнд 13 дугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ нь улс орны дижитал шилжилтийн хүрээнд хийж буй үр дүнтэй ажлуудын нэгэн баталгаа болж буйг харуулж байна.
Цахим шийдлүүд, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, дата менежментийн дэвшилтэт технологиуд дэлхий даяар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед Монгол Улс ч энэхүү шинэ эринтэй хөл нийлүүлэн урагшилж байна. Иргэн төвтэй, ухаалаг, уян хатан төрийн үйлчилгээг хөгжүүлэх нь улс орны хөгжлийн хурдасгуур болж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолдог.
Шинэ шатны хөгжлийн төлөө
Цаашид “E-Mongolia” платформыг илүү боловсронгуй болгох, хиймэл оюунд суурилсан шинэ үеийн систем болгон хөгжүүлэх зорилт тавигдаад байна. Төр–иргэний харилцааг илүү үр дүнтэй, хурдтай, дижитал хэлбэрт шилжүүлэх, хэрэглэгчийн оролцоонд суурилсан дэвшилтэт үйлчилгээний орчныг бий болгоход чиглэсэн ажлууд шат дараатай хэрэгжиж буй юм.