Олон улсын хөлбөмбөгийн холбоо “FIFA” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) түүхэнд анх удаа хагас цагийн шоу нэвтрүүлсэн нь АНУ-ын алдарт “Super Bowl”-ийг санагдуулам сүр жавхлантай боллоо. Ногоон талбайн финалын тоглолтын салхийг поп хатан хаан Мадонна Бразилын хөлбөмбөгийн амьд домгууд болох Роналдо, Роналдиньо нартай хамт тайзнаа гарч, 2000-аад оны алдартай хит болох “Music” дуугаараа хагалсан юм.
Нүсэр тоглолтын үеэр дэлхийн хэмжээний уран бүтээлчид дараах байдлаар үзэгчдийг байлдан дагууллаа:
- БНСУ-ын алдарт “BTS” хамтлаг өөрсдийн нэрийн хуудас болсон “Dynamite” дуугаараа цэнгэлдэхийг доргиов.
- Жүжигчин Жэйсон Судейкис, Брэндан Хант нарын танилцуулснаар тайзнаа гарсан поп од Жастин Бибер “Everything Hallelujah” дуугаа дуулж, хэмнэлийг бага зэрэг удаашруулсан бөгөөд дууныхаа төгсгөлийг “World Cup Hallelujah” хэмээн өөрчилж дуулсан байна.
- Шоуны төгсгөлд колумб гаралтай дуучин Шакира болон Нигерийн уран бүтээлч “Burna Boy” нар хамтран энэ удаагийн ДАШТ-ийн албан ёсны сүлд дуу болох “Dai Dai”-г амьдлуулжээ.
Хэдийгээр үзэгчдийг суудлаас нь босгосон гайхалтай тоглолт болсон ч тэмцээн эхлэхээс өмнө финалын уламжлалт 15 минутын завсарлагааны хуваарийг алдагдууллаа хэмээн шүүмжлэгчид нэлээдгүй дургүйцэж байв. Уран бүтээлчдийн үндсэн үзүүлбэр ердөө 11 минут үргэлжилсэн хэдий ч тайзны ажилчид аварга том тоног төхөөрөмжүүдийг талбайгаас зөөж цэвэрлэхэд нэмэлт хугацаа шаардагдсанаар нийт завсарлага 27 минут үргэлжилжээ.
Эх сурвалж: Reuters




