Австралийн Виктория мужид болсон ой хээрийн түймрийн дараа эрх баригчид Буж-Бим үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдарч байсан 700 орчим коалаг устгах шийдвэр гаргасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Засгийн газрын тайлбарласнаар энэ нь “амьтдын зовлон шаналлыг зогсоох зорилготой, хүнлэг арга хэмжээ” байсан гэж мэдэгджээ.
New York Post-ын мэдээлснээр, түймрийн дараах нөхцөлд коалагийн олон тооны зулзага бие даан амьдрах чадваргүй, харин нас биед хүрсэн амьтад нь түлэгдэлт, цангалт, өлсгөлөнд нэрвэгдсэн байв. Гэсэн ч зоон хамгаалагчид, идэвхтнүүд энэ шийдвэрийг эрс шүүмжилж, агаарын аргаар онош тавих боломжгүй тул эрүүл коала ч буудлагын бай болсон байж болзошгүйг онцолжээ.
Friends of the Earth Melbourne байгууллага:
“Хуурай замаар хандах боломжгүй үед агаараас буудлага хийх нь туйлын хязгаарлагдмал, онцгой тохиолдолд хэрэглэгдэх арга юм. Коалаг нисдэг тэргээр устгасан тохиолдол анх удаа бүртгэгдэж байна. Энэ нь ёс суртахууны хувьд аюултай жишиг тогтоож байна.” гэж мэдэгдсэн байна.
Мөн гал түймрийн дараа тухайн бүс нутгийг хааснаар аврах ажиллагаа саатаж, өнчирсөн коала зулзаганд тусламж хүргэж чадаагүй тухай дурджээ.
Зоон хамгаалагчдын гол анхаарал хандуулж буй асуудлын нэг бол эвкалиптийн модны огтлолт. Коалагийн амьдрах орчин, хоол хүнс энэ модноос хамаардаг тул тэд мод огтлохыг бүрэн зогсоохыг шаардаж байна.
Хэдий олон нийтийн шүүмжлэл ширүүсч буй ч Виктория мужийн засаг захиргаа мэргэжлийн малын эмч нарын зөвлөмжийн дагуу л шийдвэр гаргасан гэж мэдэгдсээр байна.