Хятадын эрдэмтдийн баг тархины үхжилтэд орсон өвчтөнд гахайн бөөр болон элгийг анх удаа амжилттай шилжүүлэн суулгалао. Энэ нь амьтнаас хүнд нэг дор хэд хэдэн эрхтэн зэрэг шилжүүлэн суулгасан дэлхийн анхны тохиолдол болж байна. Энэ талаар South China Morning Post хэвлэл мэдээллээ.
Уг хагалгааг Гуансигийн Анагаах ухааны их сургуулийн харьяа хоёрдугаар эмнэлгийн эрдэмтэд хийжээ. Шилжүүлэн суулгасан эрхтнүүд өдгөө 53 настай эрэгтэйн биед бараг таван хоногийн турш хэвийн ажилласан бөгөөд үүний дараа өвчтөний ар гэрийнхний хүсэлтээр судалгааг зогсоосон байна.
Анагаах ухааны шинэ туршилт
Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэхүү хагалгаа нь гахайн бүтэн элэг болон хоёр бөөрийг хүнд ортотопик буюу хэвийн байрлалд нь шилжүүлэн суулгах бүрэн боломжтойг баталж байгаа аж.
Өмнө нь эмч нар амьтнаас хүнд зөвхөн нэг эрхтэн суулгах туршилт хийдэг байсан. Учир нь хэд хэдэн эрхтнийг зэрэг суулгахад хүний бие махбод тэдгээрийг хүлээж авахгүй гадуурхах болон амь насанд аюултай хүндрэл үүсэх эрсдэл маш өндөр байдаг байна.
Судлаачид энэ чиглэлээр цаашид илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг нэмж дурджээ. Тэд ирээдүйд тархи нь үхэжсэн өвчтөнүүдэд дахин хэд хэдэн удаа эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр төлөвлөж байна.
