Үндэсний бөхийн спорт сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг, чансаа өндөр залуу хүчтэнүүдийг тодруулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам 2026” амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн 35 дахь удаагийн наадамд аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 шилдэг бөх өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 6-ны өдөр уран мөх, эр бяраа сорин өрсөлдсөн юм.
Барилдааны эцсийн шатанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК болон “Хан Хэнтийн Аварга” дэвжээгээр овоглодог аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож найм даван түрүүллээ. Тэрбээр ийнхүү цэргийн наадамд босоо байж, өөрийн цолондоо “Бадрангуй” чимэг нэмсэн бол Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Ажнай корпораци, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэн олныг гайхшруулж, “Цэргийн заан” цолны эзэн болсон байна.
Наадмын Их болон Дунд шөвөгт үлдсэн хүчит бөхчүүд
Уг барилдаанд шөвгөрч, Монгол Улсын баяр наадмын тухай хууль, дүрмийн дагуу чимэг нэмсэн бөхчүүдийг танилцуулж байна.
- Их шөвөг: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар үлдэж “Хичээнгүй” чимэг хүртсэн бол Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Азийн Идэр Цамхаг ХХК, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан П.Хүрэлбаатар “Цогт” чимэг нэмлээ.
- Дунд шөвөг: Тунаж үлдсэн барилдаанд аймгийн арслан Г.Мөнхбаяр “Өлзийт” чимэг, аймгийн арслан Ө.Батсуурь “Өсөх” чимэг, аймгийн арслан Б.Цагаанбанди “Өсөх” чимэг, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр “Өсөх” чимгийг тус тус хүртэж олныг баясгав.
