Волейболын үндэсний дээд лигийн алт, мөнгөн медальт “Хасу Мегаватт MGL” багийн ахлагч, ОУХМ А.Даваажаргалын сошиал хуудсандаа нийтэлсэн байр суурь олон нийтийн анхаарлыг татаж, дэмжигчдээс нь эерэг үнэлгээ авч байна. Тэрбээр тамирчны ёс зүй, нийгэмд үзүүлэх үлгэрлэлтэй холбоотой асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлжээ.
Түүний нийтэлснээр, алкохолний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаас хамтран ажиллах санал түүнд ирдэг аж. Гэвч өөрийгөө идэвхтэй тамирчин байх хугацаанд ийм төрлийн брэнд, бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцохгүй гэдгээ ил тод зарласан байна.
А.Даваажаргал постдоо “Алкохолний брэнд компаниудаас хамтран ажиллах санал ирэх юмаа. Баярлалаа, миний хувьд тамирчин байх хугацаандаа хувийн шугамаар алкохолний брэнд, бүтээгдэхүүний сурталчилгаанд оролцохгүй гэдгээ илэрхийлье. Тамирчин бид эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал зуршлыг бусдад үлгэрлэн манлайлах учиртай юм ш дээ” хэмээн бичжээ.
Түүний энэхүү байр суурь нь зөвхөн нэг сурталчилгааны саналаас татгалзсан хэрэг бус, харин тамирчин хүний нийгмийн хариуцлагын талаарх ойлголтыг тодорхой харуулсан үйлдэл болж байна. Спортын салбарынхны хувьд амжилтаас гадна олон нийтэд ямар үнэт зүйл түгээж байгаа нь улам бүр чухалд тооцогдох болсон энэ үед уг мэдэгдэл онцгой анхаарал татав.
А.Даваажаргалын хувьд Монгол Улсын волейболын шигшээ багт 2013 онд дуудагдаж байжээ. Тэрбээр өмнө нь өгсөн нэгэн ярилцлагадаа амжилтад хүрэх зам нь тасралтгүй бэлтгэл, тууштай хөдөлмөртэй салшгүй холбоотой талаар ярьсан байдаг.
Тухайлбал, “Анх волейболоор хичээллэж байх үед шигшээ багийн тамирчин болно гэх сэтгэл зүйтэй байгаагүй. Харин яваандаа шигшээ багийн тамирчин больё гэж зорьж бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсэн. Волейболоор суралцаж эхэлснээс хойш багийн ахлагч, шигшээ багийн тамирчин болох хүртэл бэлтгэл сургуулилт хүчтэй нөлөөлж, суурь болж өгсөн. Бэлтгэлийн үр дүнгээр л сайжирсан юм. Зогсолтгүй бэлтгэлээ хийж, аливаа юмны цаадахыг нь зорьж яваа хүн ямар ч амжилтад хүрч чадна гэж боддог” хэмээн хэлж байжээ.
- “Хасу Мегаватт MGL” багийн ахлагч
- Монгол Улсын шигшээ багт 2013 онд дуудагдсан
- Алкохолний сурталчилгаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн
