АНУ-ын Цагаан ордон Умард Атлантын эвслийн (НАТО) гишүүн орнуудыг цэргийн блок дахь хувь нэмэр, оролцооноос нь хамааруулан тусгай жагсаалт гаргасан тухай “Politico” хэвлэл мэдээллээ. Энэхүү мэдээллийг Европын гурван дипломат болон Пентагоны нэгэн албан тушаалтны эх сурвалжид үндэслэн бэлтгэсэн байна.
Нийтлэлд дурдсанаар, Цагаан ордон холбоотнуудаа “сайн ба муу” гэж ангилсан баримт бичиг боловсруулсан бөгөөд энэ нь АНУ-ын засаг захиргаа Ирантай хийж буй зэвсэгт мөргөлдөөнд дэмжлэг үзүүлэхээс татгалзсан улсуудад хариуцлага тооцох, “шийтгэх” арга замыг эрэлхийлж буй хэлбэр хэмээн тайлбарлажээ.
Энэхүү баримт бичгийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн Вашингтонд хийсэн айлчлалын өмнөхөн боловсруулсан байна. Уг баримт бичигт эвслийн гишүүн орнуудыг үйл ажиллагаанд оруулж буй бодит хөрөнгө оруулалт болон цэргийн зардлын хэмжээнээс нь хамааруулан хэд хэдэн ангилалд хуваажээ. Энэхүү “хар жагсаалт” нь цаашид АНУ-ын зүгээс холбоотнуудтайгаа харилцах дипломат болон цэргийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
