Ардчилсан намын “4:11” мэдээллийн хөтөлбөрийн үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Туулын хурдны зам” төслийн эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал болон төсөв хөрөнгө, хариуцлагын асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Н.Учрал уг төслийг түр зогсоох шийдвэр гаргасан ч Ардчилсан намын зүгээс үүнийг хангалтгүй гэж үзэн, бүр мөсөн зогсоох, зарцуулсан мөнгөнд хяналт тавих байр суурийг илэрхийлэв.
Уг төсөлтэй холбоотой гол шүүмжлэлүүдийг доорх байдлаар багцалж байна:
- Төсвийн өсөлт: Төслийн нийт өртөг 2.3 их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн.
- Тодорхойгүй ТЭЗҮ: Байгаль орчин, эдийн засгийн үндэслэл нь өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа.
- Трасс өөрчлөлт: Газар чөлөөлөлттэй холбоотойгоор төслийн чиглэлийг (трасс) нийт 13 удаа өөрчилсөн.
- Шилэн бус тендер: 2025 оны наймдугаар сард шалгарсан компани ямар шалгуураар сонгогдсон нь олон нийтэд хаалттай байсан.
Хамгийн ноцтой асуудал нь төслийн урьдчилгаа болгож шилжүүлсэн 500 гаруй тэрбум төгрөгийн асуудал болохыг тэрбээр онцлов.
“Төсөл зогссон тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь дараагийн чухал асуудал. Одоогийн байдлаар 500 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа ч ямар гэрээгээр, хэнд, ямар данс руу шилжсэн нь тодорхойгүй байна. Бидний зүгээс зөвхөн нэг албан тушаалтанд хариуцлага тооцоод өнгөрөх бус, шилжүүлсэн мөнгийг буцаан татан төвлөрүүлэх шаардлагыг тавьж ажиллана.”
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төслийг зогсоолоо гээд мартах биш, хариуцлагагүй шийдвэр гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцож, төсвийн хөрөнгийг эргүүлэн төлүүлэх тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
