Монгол Улсын Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал албан ёсоор өндөрлөж, Ерөнхийлөгч эх орноо зорилоо. Түүнийг Астана хотын “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудлаас тус улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев болон Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар хүндэтгэлтэйгээр үдэж мордуулсан байна.
Айлчлалын явцад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар санал солилцлоо. Талууд банк санхүү, эрчим хүч, соёл, эрүүл мэнд, мэдээллийн технологи зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны 18 баримт бичигт гарын үсэг зурж, харилцааг шинэ шатанд гаргахаар тохиров.
Хоёр орны эдийн засаг, дэд бүтцийн салбарт гарсан гол шийдвэрүүдийг багцалбал:
- Ирэх 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.
- Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар байгуулж, Баян-Өлгий-Өскемен чиглэлийн нислэгийг сэргээхээр тогтов.
- Монголоос ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн экспортлож, Казахстанаас үр тариа, хүнсний ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.
- Тээвэр, логистикийн саад бэрхшээлийг арилгах зорилгоор дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.
- Бизнес форумын үеэр аж ахуйн нэгжүүд 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.
Орон нутгийн харилцааг бэхжүүлэх хүрээнд Хархорум, Налайх хотууд Казахстаны Алатау, Талдык-орган хотуудтай ах, дүүгийн барилдлага тогтоосон байна. Мөн боловсролын салбарт Монголын оюутнуудыг Казахстанд суралцахыг бүрэн дэмжихээ илэрхийлж, манай улсад Казахстаны их сургуулийн салбарыг нээх санал дэвшүүллээ. Түүх соёлын салбарт нүүдэлчин соёл иргэншлийн өвийг хамтран судлах судалгааны ажлуудыг эхлүүлэхээр болжээ.
Байгаль орчны чиглэлээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэхээр болсон юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх 8 дугаар сард Монголд болох Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хуралд Казахстаныг урьж, тус улсын “Усны олон улсын байгууллага” байгуулах санаачилгыг дэмжихээ илэрхийлэв. Хоёр жил хүрэхгүй хугацаанд төрийн тэргүүн нар харилцан айлчилсан нь хоёр улсын найрамдалт харилцаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих бат бөх суурь боллоо.
