Нийслэл хотод 1966, 1988, 1994, 2003, 2009 онуудад тохиож байсан байгалийн гамшигт үзэгдлүүд давтагдах эрсдэл нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ. Ялангуяа 2023 онд болсон их үер нь сүүлийн хагас зуун жилийн хугацаанд тохиосон хамгийн хүчтэй гамшгуудын нэгт тооцогдож байгаа тул үерийн хамгаалалтын дэд бүтцийг нэн даруй шинэчлэх шаардлага тулгарсан юм. Иймд хотын аюулгүй байдлыг хангах үүднээс 366.2 км урттай хамгаалалтын суваг, 23 км даланг шинээр барихаар төлөвлөж байна.
Төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын байршлуудыг дараах байдлаар ангилсан байна:
- Төвийн зургаан дүүргийн 25 байршилд үерийн суваг, далан барих;
- Дагуул хотуудын 11 цэгт хамгаалалтын систем цогцлоох;
- Зуслангийн бүсийн зургаан хэсэгт инженерийн байгууламж байгуулах.
Эдгээр ажлын эхний ээлж болгон нэн шаардлагатай есөн байршилд 92.696 км урттай үерийн суваг, борооны ус зайлуулах шугам, даланг барьж байгуулах юм. Энэхүү стратегийн ач холбогдолтой төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлэхээр хугацааг товлоод байна. Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран ажиллаж байгаа юм.
Мөн байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Би Жи Эм” ХХК 2025 оны наймдугаар сараас эхлэн боловсруулж байгаа бөгөөд одоогийн байдлаар гүйцэтгэл нь 90 орчим хувьтай үргэлжилж байна. “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл бүрэн хэрэгжсэнээр нийт 128 мянга хүртэлх иргэний амь нас, эд хөрөнгө үерийн аюулаас хамгаалагдах юм. Энэ нь нийслэлийн хувьд гамшгийн дараа хариу арга хэмжээ авдаг байсан тогтолцооноос урьдчилан сэргийлэх олон улсын жишигт шилжих чухал алхам болж байна.
