Тажикистаны нийслэл Душанбе хотноо ирэх тавдугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд жүдо бөхийн “Их Дуулга” тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Одоогийн байдлаар тус тэмцээнд дэлхийн 33 орны 262 тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд манай улсаас 23 жүдоч ур чадвараа сорихоор товлогджээ. Тэмцээнд эзэн орон Тажикистан 39, Узбекистан 28, ОХУ 23 тамирчинтай оролцох бол БНХАУ 16, Франц 11, харин Казахстан улс зөвхөн эрэгтэй багийн 12 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр зодоглох юм.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг жин жингээр нь танилцуулбал:
- Эмэгтэй баг: Ж.Анударь (48 кг), М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од (52 кг), Т.Ариунзаяа, М.Цэндбазар (57 кг), Б.Ганхайч, Л.Энхрийлэн (63 кг), С.Лхагвадулам, У.Анужин (70 кг), О.Хүслэн (-78 кг), А.Адъяасүрэн, Д.Номинзул (+78 кг).
- Эрэгтэй баг: Э.Ариунболд, Т.Түмэнжаргал (60 кг), Б.Эрхэмбаяр, Ө.Жанцандорж (66 кг), Л.Анхзаяа (73 кг), О.Шинэбаяр, Г.Батсугар (81 кг), Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун (-100 кг), Ө.Пэрэнлэйжамц, О.Цэцэнцэнгэл (+100 кг).
Тэмцээний өмнөх мэдээллээр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Баасанхүү тодорхой шалтгааны улмаас оролцохгүй болж, бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Харин дэлхийн аваргын хүрэл медальт, өнгөрсөн жилийн Душанбегийн “Их Дуулга”-ын аварга Б.Ганхайч бэртэл гэмтлийн улмаас завсарласны дараа ийнхүү дэвжээндээ эргэн ирж байна. Тэрбээр өнгөрсөн оны Улаанбаатарын “Их Дуулга”-аас хойш анх удаа олон улсын томоохон тэмцээнд зодоглох гэж байгаа нь энэ юм.
