Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны тов албан ёсоор гарлаа. Уг арга хэмжээ ирэх тавдугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд болох бөгөөд их нас, соёолон болон сонгомол дунд насны ангиллуудаар хурд хүчээ сорихоор төлөвлөгджээ.
Энэ жилийн уралдааны нэг онцлог нь улсын бүсийн зэрэглэлгүй, зөвхөн ММСУХ-ны нэрэмжит статустайгаар зохион байгуулагдаж байгаа явдал юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д зааснаар Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэлх бүсэд шигшмэл болон бүсийн уралдааныг зөвшөөрдөг билээ. Энэхүү хуулийн хүрээнд ММСУХ-ны Тэргүүлэгчдийн 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар ирэх долоодугаар сард болох зуны бүсийн уралдаануудыг орон нутагт хуваарилсан байна.
ММСУХ-ны зүгээс 2026 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд дараах дөрвөн аймагт бүсийн уралдаан зохион байгуулах саналыг Засгийн газарт уламжлаад байгаа юм:
- Говийн бүс: Дундговь аймаг
- Зүүн бүс: Сүхбаатар аймаг
- Баруун бүс: Завхан аймаг
- Төвийн бүс: Сэлэнгэ аймаг
Хэрэв “Дүнжингарав-2026”-г бүсийн зэрэглэлтэй болгож өөрчилбөл дээрх дөрвөн аймгийн аль нэгэнд төлөвлөсөн зуны уралдаан цуцлагдах хууль эрх зүйн нөхцөл үүсэх эрсдэлтэй. Иймд холбооны зүгээс нийт уяачдад хандан хуулийн зохицуулалтыг зөвөөр ойлгож, бүсийн бус статустай хаврын уралдаандаа өргөнөөр оролцохыг хүслээ.

