БНХАУ-ын Саньяа хотноо Азийн элсний VI наадам албан ёсоор эхэлж байна. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагдаж буй тус наадмын нээлтийн ёслол дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 20.00 цагт Азийн элсний наадмын паркад болохоор товлогджээ. Тэмцээнд тив эх газрын 45 орны 1.800 орчим тамирчин спортын 14 төрлийн 62 зайд шилдгүүдээ шалгаруулахаар цуглараад байна.
Монгол Улсаа төлөөлөн нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид, дасгалжуулагч болон албаны хүмүүс Саньяа хотыг зорьсон билээ. Манай тамирчид дараах төрлүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор мэдүүлгээ өгөөд байна:
- Гандбол: Эрэгтэй 7, эмэгтэй 10 тамирчин
- 3х3 сагсан бөмбөг: Эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин
- Элсний волейбол: Эрэгтэй 2, эмэгтэй 2
- Жюү жицү: Эрэгтэй 5, эмэгтэй 6 тамирчин
- Элсний бөх: Эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин
- Акуатлон: Эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин
- Элсний хөнгөн атлетик: Эмэгтэй 2 тамирчин
- Тэкбол: Эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин

Наадмын салхийг хагалж, Монголын эрэгтэй гандболын шигшээ баг өнөөдөр Оман болон Тайландын хүчирхэг багуудтай тоглох хуваарьтай байна. Манай эрэгтэй баг хэсэгтээ нийт долоон тоглолт хийх бөгөөд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хагас шигшээд өрсөлдөх багууд бүрэн тодорно. Харин эмэгтэй гандболчдын тулаан дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэхээр болжээ.
Энэ удаагийн наадам нь БНХАУ-д хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Хамгийн сүүлд 2012 онд Хятадын Хайянг, 2016 онд Вьетнамын Дананг хотноо болсноос хойш тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарлаад байсан Азийн элсний наадам ийнхүү Саньяа хотод эргэн ирлээ.
