Жирэмсний эрт үед олон эмэгтэйчүүд кофены бие организмд үзүүлэх нөлөөнөөс болгоомжлон, хэрэглэхээсээ татгалздаг. Кофейн нь цусны даралт, мэдрэлийн систем, тэр байтугай дааврын түвшинд нөлөөлдөг тул ийнхүү болгоомжлох нь үндэслэлтэй юм.
Жирэмсэн болсон цагаасаа эхлэн эмэгтэйчүүд өдөр тутмын зуршлаа эргэн харах шаардлагатай болдог. Үүний нэг нь кофе уух зан үйл юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар кофейноос бүрмөсөн татгалзах албагүй ч хэрэглээгээ тодорхой хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй ажээ. Энэ талаар “Cleveland Clinic” эрүүл мэндийн төвөөс зөвлөж байна.
Жирэмсэн үед хэдий хэмжээний кофейн хэрэглэж болох вэ?
Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны (NHS — National Health Service) мэдээлснээр, жирэмсэн үед өдөрт 200 мг хүртэлх кофейн (ойролцоогоор хоёр аяга найруулдаг кофе) хэрэглэх нь аюулгүйд тооцогддог байна.
Гэхдээ жирэмсэн эмэгтэйчүүд тунг хэтрүүлж болохгүй. Хэрэв өдөрт 300 мг-аас дээш кофейн хэрэглэвэл зулбах эрсдэл нэмэгддэг болохыг анхааруулж байна.
“Кофейн нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний цохилтыг хурдасгадаг тул танд илүү эрч хүчтэй байгаа мэт мэдрэмж төрүүлж магадгүй. Гэвч үүний зэрэгцээ энэ нь бие организмд нэмэлт ачаалал өгч байдаг” гэж мэргэшсэн эх баригч Шатоя МакКвин тайлбарлажээ.
Кофейныг хэтрүүлэн хэрэглэх нь дараах таагүй гаж нөлөөг үзүүлж болзошгүй:
- Сэтгэл түгших, цухалдах
- Зүрх дэлсэх
- Дотор муухайрах, ходоодны хүчил эргэж туух
- Бие шингэнээ алдах
- Суулгах
- Бие чичрэх
- Булчин татвалзах
Эдгээр нөлөөллүүд нь жирэмсэн эмэгтэйн ерөнхий биеийн байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм.
> Санамж: Энэхүү мэдээлэл нь зөвхөн танин мэдэхүйн зориулалттай бөгөөд эрүүл мэндийн зөвлөгөө биш юм. Та хоол хүнс болон зуршилдаа өөрчлөлт оруулахаасаа өмнө өөрийн хяналтын эмчтэй зөвлөлдөхийг зөвлөж байна.
