АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг “чулуун зэвсгийн үед нь буцаана” хэмээн сүрдүүлснээсээ хойш хэдхэн цагийн дараа тус улсын стратегийн чухал байгууламжийг агаарын цохилтоор сүйтгэснээ мэдэгдлээ. Тэрбээр нийслэл Тегеран хотоос баруун өмнө зүгт 35 км-ийн зайд орших Караж хотын B1 гүүр агаарын дайралтад өртөж, утаа май болж буй дүрс бичлэгийг өөрийн сошиал хуудсандаа нийтэлсэн байна.
Цагаан ордны тэргүүн таван долоо хоног үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэхийн тулд Ираны эрх баригчдыг яриа хэлэлцээний ширээнд суухыг ийнхүү шахаж байгаа юм. Хэрэв буулт хийхгүй бол ийм төрлийн сүйрэл цаашид ч үргэлжлэх болно гэдгийг тэрбээр хатуу анхааруулжээ. Трамп өөрийн нийтлэлдээ “Ираны хамгийн том гүүр нурж, дахин хэзээ ч ашиглагдахгүй болж байна. Цаашид ч их зүйл болно! ИРАН ХЭТЭРХИЙ ОРОЙТОХООСОО ӨМНӨ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЦАГ БОЛСОН. ҮГҮЙ БОЛ ЦААШИД ХӨГЖИХӨД ХЭРЭГТЭЙ ЮУ Ч ҮЛДЭХГҮЙ БОЛНО!” хэмээн бичсэн байна.
Ираны төв телевизийн мэдээлснээр АНУ болон Израилийн зэвсэгт хүчин тус гүүрийг хоёр удаа дараалан онилсон байна. Телевизийн мэдээнд “Хэдхэн минутын өмнө Америк-Сионист дайснууд Караж хотын B1 гүүрийг дахин ониллоо” хэмээн өгүүлээд, эхний цохилтын үеэр энгийн хоёр иргэн амиа алдсаныг тэмдэглэжээ. Хамгийн харамсалтай нь эхний дайралтын дараа тусламж үзүүлэхээр очсон аврах багийнхан дээр дараагийн бөмбөгдөлт болсон байна.
Устгагдсан B1 гүүрийн тухай зарим тоон баримтууд:
- Тус байгууламж нь 136 метр өндөр багануудтай бөгөөд Ойрх Дорнодын бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогддог.
- Гүүрийн барилгын ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байжээ.
- Байршлын хувьд нийслэл Тегеран хотоос баруун өмнө зүгт 35 км-ийн зайд стратегийн ач холбогдолтой цэгт оршдог.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн энэхүү дайн төгсгөлийн шатандаа орж байгааг ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон юм. Тэрбээр ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, Ираны цөмийн зэвсэг бүтээх чадавхыг бүрэн саармагжуулсны дараа уг дайныг зогсоохоо амлаад байна.
