Непалд Эверестэд авиралттай холбоотой томоохон хэмжээний луйвар илэрлээ. Хөтөч болон зочид буудлын ажилтнууд жуулчдын эрүүл мэндэд санаатайгаар нөлөөлж, улмаар нисдэг тэргээр яаралтай нүүлгэн шилжүүлэх нэрээр даатгалын нөхөн төлбөр завшиж байсан байна.
Энэ талаар Непалын Төв мөрдөн байцаах товчооны мөрдөн шалгах ажиллагаанд үндэслэн “Daily Mail” хэвлэл мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, луйварчид хоёр төрлийн схем ашигладаг байжээ. Эхнийх нь жуулчдыг уулнаас явган буухгүйн тулд бие нь өвдсөн мэт дүр үзүүлэхийг ятгах. Хоёр дахь буюу илүү харгис арга нь уулчдын биеийн байдлыг албаар муутгах явдал юм. Тэдэнд өндрийн өвчний эсрэг эмийг тунгаас нь хэтрүүлэн өгөх, хэт их ус уулгах, зарим тохиолдолд хоолонд нь хөөлгөгч холих зэргээр биеийг нь хүчтэй хямраадаг байсан аж.
Үүний дараа яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй байсан ч нисдэг тэрэг дууддаг байжээ. Энэхүү хуйвалдаанд нисгэгчид, эмч нар болон эмнэлгийн захиргааныхан оролцдог байсан нь тогтоогдов. Тэд баримт бичигт үйлчилгээний зардлаа өсгөж бичихээс гадна эмнэлгийн цайны газарт сууж байсан “өвчтөнүүдэд” зориулж хуурамч эмчилгээний түүх үүсгэдэг байж.
2022-2025 оны хооронд 300 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд даатгалын луйвраас үүдэлтэй хохирлын хэмжээ 15 сая фунт стерлингээс давсан байна.
