Мягмар, 3 сар 17, 2026
HomeУлс төр“Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна

“Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн ордонд болж, эрэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн оролцооны асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм дэх үүрэг оролцоог тодорхойлох бодлогын санал, санаачилгыг дэвшүүлж буйгаараа онцлог юм.

Энэ удаагийн чуулганаар дараах сэдвүүдийг хэлэлцэж байна.

  • “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”
  • “Монгол эр хүний есөн эрдмийн тухай Чингис хааны айлдвар”
  • “Эр хүний оролцоо-Аз жаргалтай гэр бүлийн үндэс”
  • “Монгол эр хүн-Улс орны тулах багана-Гэр бүлийн түшиг”
  • “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”
  • ”Эх орны дуудлага”

Илтгэлүүдийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлэхдээ монголчууд эрэгтэй хүүхдийг эр зориг, эрдэм ухаан, тэсвэр хатуужил, ёс жудагтай болгон төлөвшүүлж ирсэн уламжлалыг онцлов. Тэрбээр төр, нийгэмд тулгуур багана болж ирсэн “монгол эр хүн”-ий үнэт чанарыг хадгалж, үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэхийн чухлыг тэмдэглэсэн юм.

Мөн эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарлан, эр хүн бүр эрүүл бие, саруул ухаан, зөв хандлагатай, боловсрол мэдлэгтэй байх шаардлагатайг тодотголоо. Үүнтэй зэрэгцэн тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж буй залуус, энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдийн гавьяаг дурдсан байна.

Чуулганы үеэр Ерөнхийлөгчийн санаачилгаар 2026-2030 онд хэрэгжүүлэх “Эх оронч монгол” үндэсний хөдөлгөөн-ийг танилцуулсан бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудад үндэсний үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ёс зүйтэй иргэн бэлтгэх зорилготой аж.

“Монгол эр хүн” үндэсний III чуулганаас гарсан уриалга, зөвлөмжийг бодит ажил болгоход төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч илэрхийллээ. Тус арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох яамд, байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд