Ираны эсрэг хэрэгжүүлж буй “Эпик хилэн” (Epic Fury) ажиллагааны гол бай нь тус улсын аюулгүй байдлын дэд бүтэц болохыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгдэв.
ABC News сувгаар шууд дамжуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Пит Хегсет хэлэхдээ: “Эпик хилэн ажиллагааны зорилго маш тодорхой. Энэ бол Ираны довтолгооны пуужингууд болон пуужингийн үйлдвэрлэлийг устгах, Тэнгисийн цэргийн хүчин болон аюулгүй байдлын бусад дэд бүтцийг нь үгүй хийх явдал юм. Ингэснээр тэд хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох боломжгүй болно” хэмээн онцолжээ. Тэрээр нэмж хэлэхдээ, Иранд өгч буй цохилтууд нь тус улсын терроризмыг санхүүжүүлж буй үйлдлийн хариу арга хэмжээ гэв.
Өнгөрсөн 2-р сарын 28-нд Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац тус улсын арми Иранд “урьдчилан сэргийлэх” цохилт өгсөн талаар мэдээлсэн. “Арслангийн архиралт” (Roar of the Lion) нэртэй уг ажиллагааны хүрээнд Ираны томоохон хотууд, тэр дундаа Тегеран халдлагад өртөж, хоёр улс агаарын орон зайгаа хаагаад байна. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн тал уг ажиллагаанд нэгдэж байгааг зарласан юм.
Харин Ираны тал “Үнэн амлалт 4” (True Promise 4) нэртэй ажиллагааг эхлүүлж, Израиль руу олон арван баллистик пуужин харваснаас гадна Катар, АНЭУ, Бахрейн, Ирак, Саудын Араб, Иордан дахь АНУ-ын цэргийн баазууд руу дрон болон пуужингаар довтолжээ. Эдгээр бүх улсын агаарын орон зай одоогоор хаалттай байна.
Дайн эхэлснээс хойш АНУ-Израилийн агаарын цохилтын улмаас Иранд 500 гаруй хүн амь үрэгджээ. Мөн 3-р сарын 1-нд Ираны төрийн телевиз тус улсын Дээд удирдагч Али Хаменеи болон Хувьсгалт гвардын командлагч Мохаммад Пакпур, Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде зэрэг өндөр албан тушаалтнууд амь үрэгдсэнийг албан ёсоор баталлаа.
