Дэлхийн үнэт металлын асар их нөөц газрын царцдас давхаргад бус, харин манай гарагийн гүнд оршдог. Эрдэмтэд эдгээр элементүүдийг мантийн давхаргаар дамжуулан дэлхийн гадаргуу руу хэрхэн дээшлүүлдэг механизмын талаар шинжлэх ухааны бүтээлүүддээ идэвхтэй хэлэлцэж байна.
Энэ талаар Science Focus сэтгүүлд нийтлэгдсэнийг тоймлон хүргэе.
Хятадын Хунань мужийн Вангу алтны ордод 2025 оны сүүлчээр одоо ажиллаж буй уурхайн доороос 1000 гаруй тонн алтны нөөц илэрсэн байж болзошгүй тухай зарласан юм. Энэхүү нээлтийг Геттингений их сургуулийн профессор Матиас Вилболдын шинжлэх ухааны материалд үндэслэн судалжээ.
Хэрэв энэхүү нөөцийн тооцоолол батлагдвал энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том алтны орд, магадгүй хамгийн том үнэт металлын орд болох юм. Урьдчилсан байдлаар зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 83 тэрбум ам.долларт хүрч байна.
Матиас Вилболд нэгэн хачирхалтай баримтыг онцолжээ: Хүмүүс алтыг маш ховор металл гэж үздэг ч энэ нь зөвхөн хүнд хүртээмжтэй газрын гадаргуу орчимд л “ховор” байдаг аж. Түүний хэлснээр, дэлхийн үнэт металлын 99.9% нь цөмдөө агуулагддаг байна.
Эдгээр элементүүд хэрхэн үүссэн талаарх уламжлалт онол нь дэлхий бүрэлдэн тогтож байсан 4.5 тэрбум жилийн өмнөх үетэй холбогддог. Алт, цагаан алт, вольфрам зэрэг хүнд элементүүд нь төмөр, никелийн хамт дэлхийн цөм рүү живсэн байдаг. Эдгээрийг “сидерофил” буюу төмөртэй химийн холбоо тогтоож, төмөр агуулсан гүн давхаргад төвлөрдөг элементүүд гэж нэрлэдэг.
Харин өөр нэг сонирхолтой онол нь дэлхийн цөмөөс зарим бодисууд мантийн давхаргаар дамжин дээшээ аажмаар “алдагддаг” байж болзошгүй гэж үздэг. Вилболдын үзэж буйгаар, халуун чулуулгийн өгсөх урсгал буюу “мантийн плюм” нь цөм болон мантийн зааг дээр үүсэж, галт уулын идэвхтэй бүсүүдэд (Гавайи, Исланд гэх мэт) газрын царцдас руу ойртдог байна. Энэхүү загвараар бол плюмүүд нь металлуудыг гадаргуу руу дөхүүлж өгдөг аж.
Үүний зэрэгцээ Кёльний их сургуулийн доктор Марио Фишер-Гёдде өөр нэгэн таамаглал дэвшүүлсэн нь геологчдын анхаарлыг татаж байна. Тэрээр мантийн давхарга үнэт металлаар баяжсан явдлыг солирын мөргөлттэй холбон тайлбарладаг. Ойролцоогоор 3.9 тэрбум жилийн өмнөх “эрчимтэй бөмбөгдөлтийн үе”-д дэлхий олон тооны астероидтой мөргөлдсөн байдаг. Энэ хувилбараар бол хүнд элементүүд дэлхийн цөм бүрэлдсэний дараа мантид гаднаас орж ирсэн тул гүн рүү живэлгүй мантийн давхаргад үлдэж хоцорсон гэж үзэж байна.
