Итали улсын Падола хотноо энэ оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд Өвлийн триатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь Монгол Улсын баг тамирчдын хувьд дэлхийн тавцанд энэ төрлөөр анх удаа мөрөө гаргаж буй түүхэн үйл явдал болон тэмдэглэгдэж байгаа юм.
Монгол Улсаа төлөөлөн дараах бүрэлдэхүүн Итали улсыг зориод байна:
- Н.Алтаншагай: Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн цомын тэмцээний шагналт байрт шалгарч байсан туршлагатай.
- А.Хүслэн: “Алдар” спорт хороо болон “Мон-Алтиус” дээд сургуулийн тамирчин, дугуйт цанын төрлөөр дэлхийн аварга цол хүртэж байсан залуу мастер.
- Ц.Баярхүү: Багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
Өвлийн триатлон нь гүйлт, унадаг дугуй болон цана гэсэн гурван төрлийг нэгтгэсэн, тэсвэр тэвчээр шаардсан спортын төрөл юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд дотооддоо улсын аварга шалгаруулах тэмцээнийг тогтмол зохион байгуулж, тамирчдаа бэлтгэсний үр дүнд ийнхүү дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх боломж бүрдлээ.
Анхдагч болон оролцож буй манай хоёр тамирчинд дэлхийн аваргын замд нь амжилт хүсэж, Монгол хүний тэсвэр хатуужлыг олон улсад тамгална гэдэгт итгэж байна.
