ОХУ-ын засаг захиргаа тус улсын крипто зах зээл болон арилжааг бүрэн хянах зорилготой хуулийн төслийг боловсруулж эхэллээ. ОХУ-ын Төв банк болон Сангийн яам хамтран төрийн хатуу зохицуулалт бүхий дотоодын крипто экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Уг хуулийн төслийн гол зохицуулалтууд болон онцлох заалтууд:
- Хуулийн хугацаа: Төслийг ирэх гуравдугаар сард багтаан Төрийн Думад өргөн барихаар төлөвлөж байна.
- Лицензжүүлэлт: Төв банкны хяналт дор тусгай зөвшөөрөл бүхий бирж, брокер, дижитал хадгаламжийн газар болон хөрөнгийн менежерүүдээс бүрдсэн албан ёсны бүтцийг бий болгоно.
- Арилжааны хязгаар: Хөрөнгө оруулагчид нэг удаагийн гүйлгээгээр 300 мянган рубльтэй тэнцэх хэмжээний крипто арилжих эрхтэй бөгөөд зөвхөн дотоодын зах зээлд зөвшөөрөгдсөн токенуудыг ашиглах ёстой.
- Худалдан авалт: Криптовалютыг зөвхөн төрийн тусгай зөвшөөрөл бүхий дилерүүдээс худалдан авахыг зөвшөөрөхөөр тусгажээ.
ОХУ-ын эрх баригчид өмнө нь крипто арилжааг бүрэн хориглох байр суурьтай байсан ч өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг, хөрөнгө царцаах бодлогын улмаас ийнхүү стратегийн шийдвэрээ өөрчилсөн байна. Ялангуяа өнгөрсөн онд Казаньд болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ам.долларын хамаарлыг бууруулах зорилгоор гишүүн орнуудын дунд крипто арилжааг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн нь энэхүү хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх гол хөшүүрэг болжээ.
