НүүрСпортСүмо бөхийн холбоо Их аварга Хакүхогийн Миягино дэвжээг бүрмөсөн хаалаа

Сүмо бөхийн холбоо Их аварга Хакүхогийн Миягино дэвжээг бүрмөсөн хаалаа

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс мэргэжлийн сүмогийн түүхэнд тод мөртэй Их аварга Хакүхогийн удирдаж байсан Миягино дэвжээг бүр мөсөн хаах шийдвэр гаргалаа. Уг дэвжээ нь 2024 оны дөрөвдүгээр сард Хокүсэйхогийн хэргээр хаагдаж, бөхчүүд нь Исэгахама дэвжээнд түр зуур шилжиж байсан билээ. Тэгвэл холбооны зүгээс энэхүү түр зуурын зохицуулалтыг эцэслэн цуцалснаар тус дэвжээний тамирчид бүрмөсөн Исэгахама дэвжээний бөх болж байна.

Энэхүү шийдвэр Сүмо холбоо дотор ч, барилдаж байсан ахмад бөхчүүдийн дунд ч маш их шүүмжлэл хүлээж байгаа юм. Учир нь өнгөрсөн Зуны тэмцээнд буюу тавдугаар сард хуучин Миягино дэвжээний бөх Энхо 3 жилийн дараа жюүрёод дэвшиж, цолтой бөх болж чадсан билээ. Ингэснээр тэрээр “Жюүрёо, макүүчи зиндаанд доод тал нь 30 башё барилдсан бөх ояката болох эрхтэй” гэж заасан дүрмийн шалгуурыг бүрэн хангасан юм. Өмнө нь Миягино оякатагийн нэрийг зээмшиж байгаа ёкозүна асан Асахифүжи хэвлэлийн бага хурал дээр “Миягино нэрийг би хуучин Миягино дэвжээнээс ояката болох эрх биелүүлсэн бөх гарвал шилжүүлэн өгнө” гэж хэлж байсан ч амлалтаа биелүүлсэнгүй.

Уран барилдаант Энхо ояката болох эрхтэй болж, бөх сонирхогчид Миягино дэвжээг дахин сэргэх нь хэмээн баярлан хүлээж байтал Сүмо бөхийн холбоо гэнэтийн цохилт өгөв. Холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэрээ танилцуулахдаа “Миягино дэвжээ хаагдсанаас хойш 2 жил өнгөрсөн. Хакүхо ч холбооноос гараад 1 жил болж байна. Миягино дэвжээг сэргээх, авах гэсэн хүсэлт холбоонд ирэхгүй байгаа тул энэ дэвжээг хаах шийдвэрийг олонхын саналаар гаргалаа” хэмээн мэдэгджээ. Гэвч Энхо эрхээ аваад хүсэлтээ албан ёсоор гаргах нь ердөө цаг хугацааны асуудал байсныг бүгд мэдэж байв.

Сүмо бөхийн холбоо үүнийг урьдчилан тооцож яарч сандран Миягино дэвжээг хаах шийдвэр гаргаад “Миягино дэвжээ бүрэн хаагдсан тул хэн нэг нь авч болохгүй. Харин шинэ дэвжээ байгуулахыг хүссэн хүн “Ёкозүна, озэки цол хүртсэн байх, санякүд 25 башё, эсвэл дээд зиндаанд 60 башё барилдсан байх ёстой” гэсэн дүрмийн заалтыг хангасан байх шаардлагатай” гэж мэдэгдсэн байна. Энэхүү шинээр тусгасан шалгуурууд нь дараах байдалтай байна:

  • Үүсгэн байгуулагч нь заавал Ёкозүна эсвэл Озэки цол хүртсэн байх
  • Санякү зиндаанд 25 башё барилдсан байх
  • Эсвэл дээд зиндаанд хамгийн багадаа 60 башё барилдаж байсан туршлагатай байх

Энэхүү хатуу заалт нь гэмтлээс эргэн ирсэн Энхо битгий хэл хэр баргийн бөх хэзээ ч давахааргүй өндөр босго болжээ.

Хамгийн хачирхалтай нь холбооны зүгээс энэхүү шийдвэрийг гаргахынхаа өмнө Миягино дэвжээнд байсан бөхчүүд, ояката нарт огт мэдэгдээгүй явдал юм. Их аварга Хакүхо, Энхо ч тэр, одоо Исэгахама дэвжээнд байгаа Магаки ояката буюу Хакүхогийн шавь Ишиүрад ч үг дуулгасангүй. Тэд бүгд өөрсдийнх нь төрөлх дэвжээ бүр мөсөн хаагдсаныг өглөөний сонины хуудаснаас л олж мэджээ. Уг нь Энхо, Ишиүра хоёр Миягино дэвжээгээ тусгаарлаад аваад явах бүрэн төлөвлөгөөтэй байсан ч ёкозүна асан Асахифүжи гэгч этгээд Миягино оякатагийн эрхийг шилжүүлэхийг хүссэнгүй.

Сүмо холбооны нэгэн ояката хэвлэлд өгсөн ярилцлагадаа холбооны удирдлагуудыг эрс буруутгаж, “Яг Энхог ояката болох эрхээ хангангуут нь ийм шийдвэр гаргалаа. Албаар санаатайгаар доромжилж, унтрааж байгаа хэрэг. Арай хэтэрхий хөгийн шийдвэр” хэмээн хатуухан шүүмжилсэн байна. Их аварга Хакүхогийн алс хол хөдөө нутагт нь өөрөө очиж байж авчирсан шавь нарын ирээдүй, дэвжээний барилга, хөрөнгө оруулалтаас гадна түүний олон жилийн зүрх сэтгэл, нөр их хөдөлмөрийг Сүмогийн холбоо ийнхүү зүгээр л шууд дээрэмдээд авчихлаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд