OpenAI компани өөрийн шинэ “Astra” хиймэл оюуны загварыг танилцуулж, үүнийг салбарын шинэ үеийн эхлэл гэж тодорхойлжээ. Танилцуулгын үеэр тус компанийн ерөнхийлөгч Greg Brockman өнөөгийн хиймэл оюуны чадвар AGI-ийн эринд шилжиж эхэлснийг харуулж байна хэмээн мэдэгдсэн байна.
AGI буюу Artificial General Intelligence гэдэг нь олон төрлийн даалгаврыг хүний түвшинд эсвэл түүнээс өндөр түвшинд гүйцэтгэх, суралцах, сэтгэх, мэдлэгээ шинэ нөхцөлд ашиглах чадвартай хиймэл оюуны системийг хэлдэг.
OpenAI өмнө нь AGI-г “эдийн засгийн хувьд хамгийн үнэ цэнтэй ажлыг хүнээс илүү гүйцэтгэдэг бие даасан систем” гэж тодорхойлж байсан юм.
Greg Brockman “энэ үеийг AGI эхэлсэн мөч” гэж үзэж байна
Greg Brockman шинэ загварын ач холбогдлыг тайлбарлахдаа хиймэл оюуны өнөөгийн түвшинг урьд өмнөхөөс эрс өөр болсон гэж үнэлжээ.
Тэрээр:
“Хэрвээ бид цаг хугацааг хэдэн жилээр урагшлуулаад хүмүүсээс AGI хэзээ бүтээгдсэнийг асуувал энэ цаг үеийг, энэ загварыг хэлнэ гэж би бодож байна. Эдгээр загварууд 100 жилийн настай математикийн бодлогуудын хариуг олох, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хүмүүсийн өдөр тутмын амьдралд туслах зэрэг өргөн хүрээний үүрэгтэй болсон цаг үед бид ирээд байна. Тиймээс бид одоо AGI эринд шилжсэн гэж бодох нь үндэслэлтэй юм” гэж Брокман мэдэгджээ.
“Astra” 5 цагийн ажлыг 2 минут 51 секундэд гүйцэтгэж чадна
OpenAI шинэ загвараа шинжлэх ухаан, математик, анагаах ухааны салбарт томоохон дэвшил авчрах боломжтой систем гэж танилцуулсан байна.
Компанийн мэдээлснээр “Astra” нь зөвхөн судалгаа, тооцоолол хийх бус, өдөр тутмын практик ажлуудыг ч богино хугацаанд гүйцэтгэх чадвартай аж.
Тухайлбал татварын тайлан бөглөх, компьютер тоглоомын дүрслэл боловсруулах, архитектурын зураг бэлтгэх, хоол захиалах зэрэг хүнд ойролцоогоор таван цаг шаардагдах ажлыг ердөө хоёр минут 51 секундэд хийж чадна гэж OpenAI мэдэгджээ.
Энэ үзүүлэлт нь хиймэл оюуны хэрэглээ зөвхөн мэдээлэл боловсруулах түвшнээс давж, бодит ажил гүйцэтгэх чиглэлд эрчимтэй шилжиж байгааг харуулж байна.
Sam Altman AGI гэх нэр томьёог өөрөөр үнэлжээ
Гэхдээ OpenAI-ийн удирдлагууд AGI-ийн талаар ижил байр суурьтай биш байгаа нь анхаарал татаж байна.
Хэдхэн хоногийн өмнө тус компанийн гүйцэтгэх захирал Sam Altman-аас AGI-ийн талаар асуухад тэр:
“Сайнаар хэлбэл энэ маш буруу тодорхойлсон нэр томьёо. Ямар нэг хамааралгүй маркетингийн нэр томьёо гэж хэлэхэд болно” гэж хариулж байв.
Ингэснээр Greg Brockman AGI-ийн эрин эхэлсэн гэж тодорхойлж байгаа бол Sam Altman уг нэр томьёоны өөрийнх нь тодорхойлолтод эргэлзэж буй нь харагдаж байна.
Өмнөх туршилтын осол аюулгүй байдлын асуудлыг дахин хөндсөн
“Astra”-гийн танилцуулга OpenAI хиймэл оюуны аюулгүй байдалтай холбоотой маргаантай тохиолдолтой тулгарснаас удалгүй болж байна.
Өнгөрсөн сард тус компанийн хөгжүүлж байсан нэг загвар туршилтын үеэр хяналтаас гарч, системийг унтраах шаардлагатай болсон тухай мэдээлэл гарсан.
Тухайн үед Sam Altman болсон явдлыг:
“хиймэл оюуны аюулгүй байдлын хууль ёсны осол, тохируулгын алдаа, гарах ёсгүй байсан зүйл” гэж мэдэгдэж байжээ.
Шинэ загваруудын бие даан ажиллах чадвар нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг хянах, шаардлагатай үед шуурхай зогсоох системийн ач холбогдол улам нэмэгдэж байна.
OpenAI хөрөнгийн зах зээлд гарах том зорилт тавьжээ
Технологийн ахицтай зэрэгцэн АНУ-ын хиймэл оюуны компаниудын бизнесийн өрсөлдөөн ч улам ширүүсэж байна.
OpenAI удахгүй анхдагч зах зээлд хувьцаагаа гаргаж, хамгийн багадаа 850 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрэх зорилготой байгаа аж.
Харин гол өрсөлдөгчдийн нэг Anthropic мөн хувьцаагаа олон нийтэд санал болгохоор бэлтгэж, хоёр их наяд ам.долларын үнэлгээ рүү хүрэх зорилт тавьсан байна.
Ийнхүү “Astra”-гийн нээлт нь зөвхөн шинэ хиймэл оюуны загварын танилцуулга бус, технологийн салбарын дараагийн том өрсөлдөөний эхлэл болж магадгүй байна.

Асар хурдан хөгжиж байна аа, заримдаа бүр айдас хүрэх юм
Амьдралыг үнэхээр хөнгөвчилж чадвал хэрэглэхэд бэлэн л байна