Нью-Йорк хотын Боловсролын газар 2026-2027 оны хичээлийн жилд бага болон дунд ангийн сурагчдыг сургуулийн орчинд хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглахыг хориглосон шинэ журам хэрэгжүүлэхээр болжээ. Нэг жилийн хугацаатай мөрдөх энэхүү зохицуулалт нь хотын улсын сургуулийн сурагчдын ойролцоогоор гуравны хоёр буюу 600 мянга орчим хүүхдийг хамрах аж.
Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани болон хотын Боловсролын газрын дарга Камар Сэмюэлс нар өнгөрсөн лхагва гарагт уг шийдвэрийн талаар мэдээлсэн байна. Тэдний тайлбарласнаар хиймэл оюуны хэрэглээг хязгаарлах нь сурагчдын асуудлыг бие даан задлан шинжлэх, шийдвэр гаргах чадварыг хамгаалахаас гадна багш, сурагчийн шууд харилцааг хадгалах зорилготой юм.
Шинэ журмын хүрээнд сургуулийн орчинд дараах хязгаарлалтууд үйлчилнэ.
- Сурагчид ChatGPT, Claude зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан чатбот ашиглахгүй.
- Хориг нь зөвхөн бага, дунд ангиар хязгаарлагдахгүй бөгөөд AI чатботын хэрэглээнд бүх насны сурагч хамрагдана.
- Багш нар хиймэл оюуныг хичээлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг бэлтгэл ажилд ашиглаж болох ч сурагчийн үнэлгээ, бие даалт болон даалгавар боловсруулахад хэрэглэхийг хориглоно.
АНУ-ын зарим муж ухаалаг төхөөрөмж, хиймэл оюуны хэрэглээ хүүхдийн хөгжил, суралцах дадал болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэн сургуулийн орчин дахь дэлгэцийн хэрэглээг бууруулах арга хэмжээ авч эхэлжээ. Нью-Йоркийн энэхүү шийдвэр ч сурагчдын технологийн хэрэглээг хязгаарлаж, сургалтын явц дахь бие даасан сэтгэлгээ болон хүний шууд харилцааг түлхүү дэмжих бодлогын нэг хэсэг болж байна.
