Дэлхийн сая сая шүтэн бишрэгчдийнхээ хувьд Холливудын нэрт жүжигчин Николь Кидман нь дэгжин хээнцэр байдал, харизм чанарын илэрхийлэл билээ. Гэвч хүүхэд хүмүүжүүлэх асуудалд тэрээр нэлээд уламжлалт байр суурь баримталдаг байна. Тэрээр ээж хүний гол үүрэг бол хүүхэдтэйгээ “ижил түвшинд” байж найзлах биш, харин тэдний хувьд нөмөр нөөлөг, чиглүүлэгч багш, аюулгүй орон зай нь байх ёстой гэж үздэг тухай “Woman&Home” сэтгүүл мэдээллээ.
“Шүүдэр шиг найз биш, хад мэт нөмөр”
Кидман өөрийн байр сууриа тайлбарлахдаа: “Та хамгийн түрүүнд ээж хүн, мөн чиглүүлэгч, багш, хэзээд эргэж ирж болох аюулгүй зогсоол байх ёстой” гэжээ. Тэрээр хүүхдүүдийнхээ шилдэг найз нь байхыг хичээдэггүй бөгөөд ямар ч нөхцөлд тэдний хувьд “бат бэх хад” мэт өмөг багана нь байхыг эрхэмлэдэг гэдгээ тэдэнд сануулдаг байна.
Николь Кидман дөрвөн хүүхэдтэй. Охид болох Сандей Роуз, Фейт Маргарет нарыг тэрээр экс нөхөр, хөгжимчин Кит Урбантай хамтран хүмүүжүүлж байгаа юм. Хосууд 19 жил хамт амьдарсны эцэст 2025 онд салан тусгаарласан билээ. Мөн түүний том хоёр хүүхэд болох Белла, Коннор нар нь Топ Крузтай гэрлэж байх үеийнх нь хүүхдүүд юм.
Ээжийнхээ захиас ба охиндоо өгсөн эрх чөлөө
Жүжигчин бүсгүй хувьд ээж байна гэдэг нь зөвхөн дүрэм журам баримтлах биш, мөн хүүхдээ цагт нь тавин явуулж сурах явдал юм. Түүний 17 настай охин Сандей Роуз одоо загварын салбарт өөрийн карьераа эхлүүлж, төрөл бүрийн брэндүүдтэй хамтран ажиллаж байна. Николь анх охиноо ийм алхам хийхийг зөвшөөрөх эсэхдээ эргэлзэж байсан ч түүний талийгаач ээж нь шийдвэр гаргахад нь тусалжээ.
2024 оны 9 дүгээр сард таалал төгсөхөөсөө өмнө Кидманы ээж Жанель охиндоо өөрөө 14 настай байхад нь дуртай зүйлийг нь хийхийг зөвшөөрч байсныг сануулжээ. “Чи ч гэсэн тэгж л эхэлж байсан шүү дээ” хэмээн хэлсэн нь Никольд чухал сургамж болсон байна. Хэрэв хүүхэд үнэхээр авьяас, сонирхолтой бол эцэг эхчүүд тэднийг хорихгүй байх нь хамгийн сайн туслалцаа болдог аж.
Сандей Роузын сурсан хичээл
Сандей Роуз алдартай ээжээсээ юу сурснаа хэд хэдэн удаа ярьж байжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа гэр бүлийнх нь гол зарчим бол “зүгээр нэг ярих биш, хийж үзүүлэх” явдал гэж онцолсон юм. Амласан бол амандаа эзэн байх ёстой. Мөн ажил хэрэгч чанарын хувьд ээжийнх нь өгсөн хамгийн чухал зөвлөгөө бол цаг баримтлах явдал ажээ. Үүр цайхтай зэрэгцэн өглөө эрт зураг авалтад явах дургүй байсан ч цагтаа очих нь ажилдаа бэлэн байгааг болон ажиллах боломж олдсонд талархаж байгаагаа харуулах хэлбэр юм.
Сандейгийн хувьд ээж нь зөвхөн Холливудын жүжигчин төдийгүй түүний урам зоригийн гол эх үүсвэр байсаар байна. Николь Кидманы ээж байх философи нь хүүхдүүдийнхээ найз болох гэж уралдах биш, харин тэдний үнэнчээр дуурайх, түшиглэх насанд хүрсэн хүн байхад оршиж байна.
