Дэлхийд данстай “Хү” хамтлаг “Warrior Chant” нэртэй аялан тоглолтоо Их Британид хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, аравдугаар сарын 2-ны өдөр тэд Английн Борнмут хотын амьд хөгжмийн томоохон тайз болох “O2 Academy”-д фэнүүдтэйгээ уулзахаар болжээ. Энэ удаагийн тоглолтод Францын “Skald” хамтлаг оролцож, тэдэнтэй хамтран уран бүтээлээ толилуулахаар хамтран ажиллаж байна.
Тус хамтлагийн хувьд энэхүү аялал нь 2023 оны зун “Glastonbury” наадамд оролцсоноос хойш Их Британид хийж буй анхны бие даасан аялан тоглолт гэдгээрээ онцлогтой. Тэд тухайн үеийн амьд тоглолтынхоо бичлэгийг 2024 онд тусгай цомог болгон гаргаж байсан бол хамгийн сүүлийн “Hun” цомгоо энэ оны долоодугаар сарын 24-нд олны хүртээл болгосон билээ.
Дэлхийн тайзнаа эгшиглэж буй Хүннү рок болон аяллын маршрут
Анх 2016 онд Улаанбаатар хотод байгуулагдсан “Хү” хамтлаг нь өөрсдийн дахин давтагдашгүй хүннү рок урсгалаараа дэлхий даяар хэдийнээ 900 сая орчим удаа тоглогдоод байна. Тэд “Glastonbury”-гийн их тайзнаа гарч, Хойд Америкт “Iron Maiden” хамтлагтай хамтран тоглосон бөгөөд алдарт “Metallica” хамтлагийн хүсэлтээр “Through The Never” дууг нь коверлон “The Metallica Blacklist” цомогт оруулж байв. Мөн тэдний “The Gereg” хэмээх анхны цомгийн дуунууд “Star Wars Jedi: Fallen Order” болон “Star Wars Jedi: Survivor” видео тоглоомд эгшиглэсэн байдаг.
Тэдний Их Британи дахь аялан тоглолт есдүгээр сарын 29-нд Глазго хотын “O2 Academy”-аас эхэлж, аравдугаар сарын 1-нд Бристолын Prospect Building, аравдугаар сарын 2-нд Борнмутын O2 Academy, аравдугаар сарын 3-нд Ньюкастлын O2 City Hall-д үргэлжилнэ. Цаашлаад аравдугаар сарын 5-нд Белфастын The Telegraph, аравдугаар сарын 8-нд Бирмингемийн O2 Academy, аравдугаар сарын 9-нд Лондоны O2 Academy Brixton, аравдугаар сарын 10-нд Манчестерын O2 Apollo хотуудаар дамжин, аравдугаар сарын 11-нд Норвич хотын UEA тайзнаа тоглон аялан тоглолтоо өндөрлүүлэх юм.
