Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 10 настай охин сураггүй болоод ес хонож байна. Охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд “тарвас хураах ажилд явна” хэмээн гэрээсээ явган гарсан ч эргэж ирээгүй тул ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт наймдугаар сарын 2-ны 20:40 цагт дуудлага мэдээлэл өгчээ.
Сураггүй болсон охин Буянт сумын төвд буюу аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд орших “Соёлын нэгдэл”-ийн 513 тоотод оршин суудаг байна.
Эрэн хайх ажиллагааны бүрэлдэхүүн
Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаанд нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна. Ажиллагаанд дараах байгууллагууд хамтран оролцож байгаа юм:
- Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар
- Онцгой байдлын 48 дугаар анги
- Зэвсэгт хүчний 123 дугаар анги
- Аймгийн Цагдаагийн газар болон Буянт сумын Цагдаагийн хэсэг
- Аймгийн Шүүх шинжилгээний газар
- Сумын Мэргэжлийн анги болон охины ар гэрийнхэн
Одоогоор эрэн хайх ажиллагааг тухайн бүс нутагт үргэлжлүүлэн зохион байгуулсаар байна.
