Нийслэлчүүдийн өвлийн хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион байгуулахаар болжээ.
Дөрөв хоног үргэлжлэх тус худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн малчид, хоршоологчид оролцож, мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнээ дундын зуучлагчгүйгээр зах зээлийн дундаж үнээс хямд борлуулах боломжтой юм.
Ингэснээр нийслэлийн иргэдийн өвлийн хүнсний хэрэгцээг хангахын зэрэгцээ гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Худалдаанд нийлүүлэх бүтээгдэхүүн бүр гарал үүсэл нь баталгаажсан, чанар, стандартын шаардлага хангасан байх ёстой. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд худалдааны талбайд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналт тавьж ажиллах юм байна.
