Олон улсын хоккейн холбоо (IIHF) ОХУ-ын 20 хүртэлх насны шигшээ баг 2027 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсныг арваннэгдүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгджээ. Уг шийдвэр нь Канадын Засгийн газраас тогтоосон хилээр нэвтрэх хязгаарлалттай холбоотой юм.
Олон улсын хоккейн холбоо тэмцээнийг өөр улсад шилжүүлэн зохион байгуулах боломжийг судалсан боловч Канад улсыг зохион байгуулагчаар хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Ийнхүү залуучуудын ДАШТ 2026 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2027 оны нэгдүгээр сарын 5-ны хооронд Канадын Эдмонтон, Ред-Дир хотод товлосон хуваарийн дагуу болно.
Канадын Спортын асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга Адам ван Куверден ОХУ, Беларусийн тамирчид болон албаны хүмүүсийг спортын тэмцээнд оролцох зорилгоор хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм.
Тэрбээр энэхүү хязгаарлалтыг ОХУ-ын Украинд явуулж буй дайнтай холбон тайлбарласан бөгөөд хүчинтэй визтэй тамирчдад ч уг зохицуулалт үйлчлэх аж.
Олон улсын хоккейн холбоо 2022 онд ОХУ, Беларусийн шигшээ багуудыг олон улсын тэмцээнүүдээс хассан билээ. Харин 2026 оны аравдугаар сарын 30-нд Спортын арбитрын шүүх ОХУ-ын хоккейн багуудыг тус холбооны таван тэмцээнд эргэн оролцуулах шийдвэр гаргасан ч Канадын хилийн хязгаарлалтын улмаас Оросын залуучуудын шигшээ баг ирэх ДАШТ-д оролцох боломжгүй болжээ.
