2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд “Азийн эмэгтэй манлайлагчид” хөтөлбөрийн ээлжит шатны сургалт албан ёсоор эхэллээ. Тус хөтөлбөрийг Монгол Улсын Хүйсийн тэгш байдлын Үндэсний хороо Ази хөгжлийн банктай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Энэ жил Монгол орны 21 аймгаас удирдах албан тушаал эрхэлдэг 25 эмэгтэй сонгогдон хамрагдаж байгаа бол 2026 он гэхэд нийт 200 эмэгтэйг хамруулах зорилт тавиад байна. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь “Алсын хараа–2050” баримт бичгийн хэрэгжилтийг дэмжих, хүйсийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.
Сургалтын хүрээнд эмэгтэй удирдагчдын өөртөө итгэх итгэл, илтгэх ур чадвар, анхаарлаа төвлөрүүлэх, олон нийттэй харилцах, хүнд асуултад үр дүнтэй хариу өгөх зэрэг ур чадварыг хөгжүүлж, хувь хүн, баг болон нийгмийг эерэгээр өөрчлөх аргуудад анхаарна.
Мөн Монгол Улсад хүйсийн тэгш бус байдал хэрхэн илэрдэг, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, улс төрийн салбар дахь нөхцөл байдал олон улсын болон бүс нутгийн үзүүлэлттэй хэрхэн харьцаж байгааг танилцуулна. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд жендэрийн мэдрэмжтэй хандлагын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, оролцогч эмэгтэйчүүд нийгэм дэх манлайллын байр сууриа бэхжүүлэх мэдлэг, стратеги, ур чадварыг эзэмшинэ.
Хүйсийн тэгш байдлын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Т.Энхбаяр “2023 оноос хойш тус хөтөлбөрт 16 яам, хувийн хэвшил, ТББ-ын 100 эмэгтэй хамрагдсан. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцохдоо тогтвортой харилцан яриа, хамтын ажиллагааг эрэгтэйчүүдтэй тэгш байдлаар авч явах нь туйлын чухал. Бид 2026 он гэхэд улсын хэмжээнд 200 эмэгтэйг чадавхжуулах зорилт тавьсан” хэмээн онцоллоо.
Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалт нь манлайлагч эмэгтэйчүүдийг бодлогын түвшинд бэлтгэх нэгэн томоохон алхам болж байна.