Монгол хүний хүч чадал, тэсвэр хатуужлыг олон улсад сурталчлан таниулахын зэрэгцээ хөдөлмөр, авьяас чадвараараа манлайлан Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн холимог тулаанч Б.Энх-Оргил өнөөдөр Ховд аймагт ажиллахаар хүрэлцэн ирлээ.
Түүнийг орон нутгийн спортын салбарын төлөөлөл болон удирдах ажилтнууд угтан авч уулзан, хүндэтгэл илэрхийлсэн байна.
Үүний дараа “Аваргууд” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилд Ховд аймгийн “Хүндэт иргэн” шагнал гардуулж, 20 сая төгрөгийн мөнгөн батламж олгожээ. Мөн түүний багш, дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5 сая төгрөгийн батламж гардуулсан байна.
Дараагаар нь Б.Энх-Оргил өөрийн багш, гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн хамт Ховд аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчидтай уулзаж, амжилтад хүрэх замнал, спортын үнэ цэнэ, өөрт нь тулгарсан сорилтуудын талаар бодит туршлагаасаа хуваалцжээ.
Одоогийн байдлаар Ховд аймагт спортын төрөл, чиглэлийг хөгжүүлэхээр 200 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд гар бөмбөг, ширээний теннис, жүдо, таеквондо зэрэг арван төрлөөр тамирчдыг системтэй бэлтгэн хөгжүүлж ирсэн байна. Зөвхөн шигшээ багуудад нь гэхэд 685 хүүхэд хамрагдан хичээллэж байгаа нь орон нутгийн спортын бааз суурь өргөжиж буйг харуулж байна.
Энэ удаагийн уулзалтаар өсвөрийн шигшээ багийн тамирчдын төлөөлөл бэлтгэл сургуулилалтын арга барил, сахилга бат, зорилгын тухай сонирхсон асуултаа тавьж, хариулт авсан аж. Гавьяат тамирчин урт хугацаанд тогтмол бэлтгэл хийх, тууштай байх, тэвчээр гаргах нь спортод хамгийн чухал гэдгийг онцлоод, ялагдлыг давж сурах нь бодит амжилтын эхлэл болдгийг залуу тамирчдад зөвлөжээ.
Өсвөрийн тамирчдын хувьд энэхүү уулзалт нь урам зориг өгч, цаашдын зорилгоо тодорхойлоход ач холбогдолтой байсныг мөн онцолж байна. Тухайлбал, өсвөрийн шигшээ багийн тамирчин С.Сумъяабэйс “Би 12 настай. Сүлд алдар клубийн тамирчин. Таеквондогийн спортоор хичээллээд зургаан жил болж байна. Гавьяат тамирчин Б.Энх-Оргилтой уулзахыг ихэд хүсэж хүлээсэн. Өнөөдөр гоё өдөр байна, түүнтэй уулзсандаа баяртай байна. Би гавьяат тамирчны ярианаас амжилтад хүрэхийн тулд хичээл зүтгэл, тэсвэр, ур чадвараа хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлголоо. Би цаашдаа хичээнэ ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Ийм төрлийн уулзалтууд нь спортын залгамж халааг бэлтгэхэд дэмжлэг болохоос гадна амжилттай яваа тамирчдын бодит туршлагыг өсвөрийн үеийнхэнтэй шууд уулзуулан хүргэх үр өгөөжтэй гэж үзэж байна.

