Улирлын эхний мажор болох BLAST.tv Austin Major 2025 дээр The MongolZ гайхалтай тоглолт үзүүлж, гранд финал хүртэл шалгарсан ч тухайн үед ялагдашгүй байсан Vitality-д л дийлдсэн билээ. Харин улирлын хоёр дахь мажор болох StarLadder Budapest Major 2025-т Монголын баг үнэхээр түрүүлэх бодит боломжтой юу? Ялангуяа Францын багийн тоглолтын түвшин мэдэгдэхүйц буурсан энэ үед хүчний харьцааг задлан харъя.
Формат ба шагналын сан
Улирлын сүүлчийн томоохон CS2 арга хэмжээ болох StarLadder Budapest Major 2025 нь 2025 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-ний хооронд Унгарт зохион байгуулагдана. Тэмцээн Swiss системтэй гурван хэсгийн шат, дараа нь ганц хожигдлоор хасагдах плей-оффоос бүрдэнэ:
- 1-р шат (11-р сарын 24–27): 16 баг 2-р шатанд гарах 8 эрхийн төлөө өрсөлдөнө.
- 2-р шат (11-р сарын 29–12-р сарын 2): Урилгаар орсон 8 баг болон 1-р шатнаас гарч ирсэн шилдэг 8 баг 3-р шатанд гарах 8 эрхийн төлөө тоглоно.
- 3-р шат (12-р сарын 4–7): 3-р шатанд урилга авсан 8 баг болон 2-р шатнаас ирсэн шилдэг 8 баг плей-оффт гарах 8 эрхийн төлөө өрсөлдөнө.
- Плей-офф (12-р сарын 11–14): 3-р шатнаас шалгарсан шилдэг 8 баг CS2-ийн дэлхийн аваргын төлөө тоглоно.
Тэмцээний өмнөхөн зохион байгуулагчид чухал өөрчлөлт зарласан нь: мажорын түүхэнд анх удаа гранд финалыг Best-of-5 (Bo5) форматаар тоглоно. Энэ нь хоёр мап дараалан алдаж байхад ч эргэн ирэлт хийх боломж нээж, финалын сэтгэл хөдөлгөм байдал болон тоглогчдын сэтгэлзүйн тэсвэрийг улам сорихоор байна.
Нийт шагналын сан 1,250,000 ам.доллар бөгөөд аварга баг 500,000 долларын эзэд болно. Гэхдээ нэр хүнд нь үүнээс ч илүү үнэ цэнтэй: Counter-Strike 2 гарснаас хойш нэг ч баг хоёр мажорын цом өргөөгүй. NAVI PGL Major Copenhagen 2024 дээр, Spirit Perfect World Shanghai Major 2024 дээр, харин Vitality BLAST.tv Austin Major 2025 дээр түрүүлсэн юм.
Фаворит ба Гайхшируулах боломжтой багууд
Цаасан дээрх статистикийн хувьд 3-р шатанд урилга авсан багууд — FURIA, Vitality, Falcons, The MongolZ, MOUZ, Spirit, G2, paiN Gaming — гол фаворитууд. Гэхдээ бодит тоглолт дээр энэ нь төдийлөн таамаглахад амар биш: Учир нь Swiss шатанд NAVI зэрэг багууд гэнэтийн “сенсаци” тарьж, том нэрсийг эрт хасах эрсдэл үргэлж бий.
Одоогийн формд түшиглэвэл дараах гурван баг хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэж үзэгдэж байна.
FURIA
Бразилын FURIA зуны амралтын дараа хүчтэй эргэн ирж, дараалан дөрвөн том цом авсан: FISSURE Playground #2, Thunderpick World Championship 2025, IEM Chengdu 2025, BLAST Rivals Fall 2025. Тэд финал бүртээ дэлхийн шилдгүүд болох The MongolZ, NAVI, Vitality, Falcons-ыг давж, одоогоор Valve-ийн дэлхийн чансааг тэргүүлж байна. Энэ сэргэлтийн гол түлхүүр нь хавар нэгдсэн туршлагатай латви rifler YEKINDAR болон казах AWPer molodoy хоёр. Харин 34 настай ахлагч FalleN хоёр мажорын аварга бөгөөд Bo5 финалд 15 удаа тоглоод 14-т нь түрүүлсэн статистиктай — FURIA-гаа анхны дэлхийн цомд хөтлөх чадвар одоо ч түүнд бий.
The MongolZ
1xBet Монголын ивээн тэтгэлттэй залуу бүрэлдэхүүн The MongolZ BLAST.tv Austin Major 2025 дээр мөнгөн медаль хүртэж, Esports World Cup 2025-т түрүүлсэн бөгөөд Valve чансаанд #1 болсон анхны Монгол баг. Гэхдээ жилийн сүүлийн хагаст тэдний эрч бага зэрэг сулрав. Мажор дээр Senzu-г controlez орлон тоглохоор болсон нь бас нэг өөрчлөлт билээ. Гэсэн ч шинэ тоглогч хоёр томоохон тэмцээнүүдэд оролцож, тун сайн форм үзүүлсэн. Магадгүй энэ солилцоо л Austin-д Vitality-г дийлэхэд The MongolZ-д дутагдсан хэсгийг нөхөх ч юм билүү.
Vitality
Францын Vitality 2025 оны эхний хагаст үнэхээр ноёрхсон. ropz-г авчирсны дараа орсон зургаан тэмцээнээ бүгдийг нь хожиж, ESL Grand Slam Season 5-ыг авч, BLAST.tv Austin Major 2025 дээр түрүүлсэн. Гэвч зуны дараа тэдний түвшин мэдэгдэхүйц унаж, зөвхөн ESL Pro League Season 22-т л түрүүлсэн бөгөөд BLAST Open Fall 2025, IEM Chengdu 2025 хоёрт финалд ялагдсан. Тийм ч байсан аваргуудын туршлага, суурь хүч нь тэднийг фаворитын эгнээнээс гаргахгүй хэвээр.
Харин хамгийн их гайхшируулах магадлалтай багуудад Falcons, MOUZ, Spirit, NAVI орно. Falcons болон MOUZ хоёул боломж болсоор ирсэн ч “түрүүлэх чанар” нь дутмаг хэвээр: 2025 онд тус бүр ганцхан цом авсан бөгөөд дөрвөн финалд дараалан ялагдсан. Spirit-д шинээр ирсэн zweih, tN1R хоёр од донк-ын тоглолтын хэмнэлийг эвгүйтүүлсэн байдал ажиглагдсаар байна. NAVI-д академиас гарч ирсэн makazze нь jL-ийн орон зайг бүрэн нөхөж чадахгүй байгаа бөгөөд w0nderful нь b1t-ээс тогтворгүй хэвээр. Гэлээ ч аз, форм зөв таарвал эдгээр дөрвийн хэн нэг нь гранд финалд хүрч, дээрх гурван фаворитын хэнийг ч сандаргах чадалтай.
StarLadder Budapest Major 2025 эхлэхэд цөөхөн хоног үлдсэн тул Valve-ийн албан ёсны Pick’Em Challenge дээр фаворитуудаа сонгох яг тохирсон үе ирлээ!

The MongolZ энэ жил их сайхан тоглож байгаа, боломж байгаа гэж бодож байна
Budapest Major үнэхээр сонирхолтой болно, хүлээж тэвчихгүй нь