Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA) анх удаа шинэ төрлийн шагнал бий болгож байгаагаа зарлалаа. 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд тэд “FIFA Энх тайвны шагнал”-ыг танилцуулж, ирэх 2026 оны Дэлхийн аваргын үеэр Вашингтонд олгож эхэлнэ гэж мэдэгджээ.
FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино “Хөлбөмбөг бол улс орнуудыг холбож, эв нэгдлийн үрийг тарьдаг спорт. Тиймээс энх тайванд хувь нэмэр оруулж буй хүмүүсийн үйл хэргийг алдаршуулахын тулд энэ шагналыг байгуулж байна” хэмээн тодотгосон байна.
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Аргентины дэлхийн аварга Лионель Месси нар илтгэл тавьсан Америкийн бизнес форумд оролцохоос өмнө уг мэдэгдлийг хийжээ. Шагналын анхны эзэн хэн болохыг хараахан зарлаагүй ч эх сурвалжуудын мэдээлснээр Инфантинотой ойр харилцаатай Дональд Трамп уг шагналыг авах магадлалтай гэсэн таамаг гараад байна. Трамп арванхоёрдугаар сарын 5-нд Вашингтоны Кеннеди төвд болох ДАШТ-ий сугалаанд оролцох юм. Наймдугаар сард Инфантинотой хамт Цагаан ордноос уг сугалааг тус төвд зохион байгуулна гэж зарлаж байв. Тэрээр мөн өөрийн “соёлын сэргэлтийн эсрэг дайн” нэртэй хөтөлбөрийн хүрээнд Кеннеди төвийн даргаар томилогдсон билээ.
Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа энэ оны нэгдүгээр сард эхлүүлснээс хойш зарим хүмүүс түүнийг олон улсын мөргөлдөөн намжаахад хувь нэмэр оруулсан гэх үндэслэлээр Нобелийн энхийн шагнал хүртэх ёстой гэж үздэг. Гэсэн ч өнгөрсөн сард Норвегийн Нобелийн хороо энэхүү шагналыг түүнийг бус Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадод олгосон юм.
Удахгүй болох 2026 оны ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик гурван улс хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний хооронд үргэлжлэхээр байна.
