2025 оны Альфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн шинжлэх ухааны шагналын эзэд тодорлоо. Шведийн Төв банкны ивээл дор олгодог энэ нэр хүндтэй шагналыг Жоэль Мокир, Филипп Агион, болон Питер Хоуитт нар хүртжээ.
Инновацийн эдийн засгийн өсөлтийн онол
Шведийн Хааны Шинжлэх ухааны академи Нобелийн шагналыг “инновацийн эдийн засгийн өсөлтийг тайлбарласных нь төлөө” эдгээр гурван судлаачид олгосон гэж мэдэгдэв.
- Жоэль Мокир нь технологийн дэвшлээр тогтвортой өсөлтийн урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон судалгаагаараа шагналын нэг хагасыг хүртсэн.
- Филипп Агион ба Питер Хоуитт нар үлдсэн хагасыг хамтран хувааж авсан бөгөөд тэд “бүтээлч сүйрэл”-ийн онолын үндэс дээр тогтвортой эдийн засгийн өсөлтийг тайлбарласан бүтээлээрээ шагнагджээ.
Эдийн засгийн “бүтээлч сүйрэл” (creative destruction) нь шинэ технологи, инноваци хуучин бүтэц, арга барилыг орлох замаар эдийн засгийг тасралтгүй хөгжүүлдэг гэсэн санаанд тулгуурладаг онол юм.
2025 оны Нобелийн энх тайвны шагналыг Венесуэлийн хүний эрхийн идэвхтэн Мариа Корина Мачадо хүртсэн билээ.