Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр өнөөдөр багш нарын цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, “Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн хороо аравдугаар сарын 9-нд бидэнд хандаж, багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 15-наас ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн” хэмээлээ.
Сайд П.Наранбаярын хэлснээр, аравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд, Сангийн сайд нар багш нарын төлөөлөлтэй уулзсан бөгөөд уулзалтын үр дүнд Засгийн газар цалин нэмэхийг дэмжсэн байна. Тэрбээр “Бид энэ жилийн төсөвт 100 тэрбум төгрөгийг багш нарын цалин нэмэхэд зориулан тусгасан. Үүн дээр нэмэлт боломж гарвал дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 1 сая 850 мянган төгрөгөөр тооцохоор болсон нь одоогийнхоос 25 хувиар нэмэгдэж байгаа гэсэн үг. Хэрэв төсвийн орлого долдугаар сараас өсвөл цалинг 2.5 сая, цаашлаад 3.5 сая төгрөг болгох гурван жилийн шат дараалсан төлөвлөгөөтэй ажиллая гэсэн санал гаргасан” гэж онцоллоо.
Гэсэн хэдий ч Үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэхүү саналыг хүлээн зөвшөөрөлгүй, “шууд 3.5 сая төгрөг болгох” шаардлага тавьж, маргааш нь ажил хаялт зарласан нь харамсалтай гэж сайд үзэж байна. Тэрбээр, “Энэ бол Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг үл харгалзан улс төрийн шинжтэй алхам гэж ойлгож байна. Үйлдвэрчний эвлэлийг шаардлагаа дахин нэг бодож үзэхийг хүсэж байна. Цалин нэмэх талаар бид бүгд адил байр суурьтай, харин үүнийг хамтран ярилцаж, зөвшилцөлд хүрэх нь хамгийн зөв зам” гэж мэдэгдлээ.
Мөн тэрээр “Аравдугаар сарын 9-нд зарласан ажил хаялт нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” хэмээн нэмж хэллээ.