Монголын залуу уран бүтээлч, дуучин Ж.Мишээл Казахстан Улсад болсон нэр хүндтэй “Silk way star” олон улсын уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ. “My voice” шоугаар уран бүтээлийн гараагаа эхэлж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртсэн тэрбээр энэ хавар СУИС-ийг уртын дууны мэргэжлээр төгссөн юм.
Тэрээр Б.Бадрууган агсны “Хонин цагаан үүл”, Никитон хамтлагийн “Амьдрал”, МУГЖ Т.Ариунаагийн “Чи минь” зэрэг олон танил дууг дахин амилуулж, ковер хувилбараар олны хүртээл болгосон билээ. Мөн “Bad Blood”, “The Legend of Love”, “Жаргалтай хос” зэрэг шинэлэг өнгө төрхтэй, өвөрмөц дүрслэл бүхий бүтээлүүдээрээ уран бүтээлчийнхээ чансааг харуулсан юм.
Эдгээр амжилтууд нь түүнийг Монголын орчин үеийн хөгжмийн тавцанд байр сууриа бататгаж, олон улсын түвшинд ур чадвараа харуулахад түлхэц болсон гэж мэргэжилтнүүд онцолж байна.