БНСУ-ын алдарт дуучин Ailee Азийн шилдэг дуу хоолойг тодруулах “Veiled Musician” нэртэй шинэ шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахаар Монгол Улсад ирэх гэж байна.
Тус шоуг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ) албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа юм. “Veiled Musician” нь бусад хөгжмийн шоунаас ялгарах хэд хэдэн өвөрмөц онцлогтой бөгөөд оролцогчдын гаднах төрхийг бус, зөвхөн дуу хоолойг нь үнэлж шүүх зарчмаар явагдана.
Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн шилдэг дуу хоолой шалгаруулах финалд өрсөлдөх эрхтэй болох юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүн
Монголын гурван шилдэг оролцогчийг тодруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах уран бүтээлчид багтжээ:
- Реппер Н.Цэцэнбилэг
- Залуу дуучид Б.Доржнанжид, Б.Энхсайхан
- “Sweetmotion” хамтлагийн дуучин Э.Ганболор
- Дуучин Ж.Ариунжаргал, NMN
- Мөн БНСУ-ын алдарт дуучин Ailee
Ailee өнгөрсөн зун Монголд ирж, амжилттай тоглолт хийж байсан бол энэ удаа шүүгчийн хувиар дахин ирж, Монголын авьяаслаг уран бүтээлчдийн дуу хоолойг сонсох гэж байна.